
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевтэй цахим орчинд сөргөлдсөн. Үүний дараа тэрээр цөмийн хоёр шумбагчаа Орос руу ойртуулсан юм.
Нийгмийн сүлжээнд өрнөсөн маргаан ийм шийдвэрт хүргэсэн нь дэлхийн түүхэд анхных уу?
Доналд Трампын шийдвэрийн хариуд ОХУ ямар арга хэмжээ авах бол? Хоёр улсын хооронд цөмийн мөргөлдөөн гарах уу? 1962 оны Кубын пуужингийн хямрал өнөө үед интернэтэд өрнөж байна уу?
Доналд Трампын хоёр шумбагчаа шилжүүлсэн тухай мэдээнд ОХУ-ын хэвлэлүүд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. "Московский комсомолец" сонинд ярилцлага өгсөн нэгэн цэргийн шинжээч "Трамп хүүхэд шиг уурласан байна" гэжээ.
Мөн тэтгэвэртээ гарсан нэг генерал "АНУ-ын Ерөнхийлөгч утгагүй зүйл ярьжээ. Тэр үнэхээр тушаал өгсөн гэдэгт эргэлзэж байна. Учир нь тэр 2017 онд Хойд Солонгосыг анхааруулахын тулд Солонгосын хойг руу цөмийн хоёр шумбагч илгээснээ мэдэгдсэн. Удалгүй тэр Ким Жон Унтай уулзсан" гэсэн байна.
Иймд ВВС ОХУ-АНУ-ын дээд түвшний удирдлагууд ойрын хугацаанд уулзах уу гэж Кремль, ОХУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамнаас асуужээ. Тэд ямар ч хариу өгөөгүй байна.
Мөн оросын шумбагч хөлгүүдийг АНУ руу ойртуулах тухай мэдээ ч гарсангүй. Тэгэхээр оросууд нөхцөл байдлыг тодруулж, цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр төвлөрөн ажиллаж байна. Эсвэл Кремль ямар нэг хариу өгөх шаардлагүй гэж шийдсэн байж мэднэ.
Трамп Медведев нар цахим орчинд олон хоногийн турш сөргөлдсөн. Трамп Украины дайныг дуусгах 50 хоногийн хугацаа өгсөн ч 14 хоног болгосон юм. Үүний дараа Медведев "Бидэнд тулган шаардаж, бидэнтэй тоглож байна. Трампын тулган шаардалт бүр аюул дагуулдаг" гэжээ.
Хариуд нь Трамп "Медведев өөрийгөө одоо ч эрх баригч мэт санаж байна. Тэр амжилт олоогүй. Хэлж буй үгээ анхаар гэж түүнд хэлээрэй. Тэр маш аюултай зүйл рүү орж байна" гэж бичжээ.
Үүний дараа Медведев ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн, автомат, цөмийн систем болох "Үхсэн гар"-ын тухай дурдсан нь Доналд Трампт таалагдаагүй.
Медведев 2008-2012 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрээр либерал үзэл бодолтой байсан ч сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, хатуу байр суурь баримтлах болж, нийгмийн хаягтаа барууны эсрэг, хэтрүүлэгтэй зүйлс бичих болжээ. Барууны орнуудыг удаан хугацааны турш цөмийн зэвсгээр айлган сүрдүүлсэн. Гэвч тэрээр Кремлийг төлөөлөхгүй гэж үздэг байв.
Харин Доналд Трамп "Тэр өндөр албан тушаал хашиж байсан. Хэдийгээр одоо Ерөнхийлөгч биш боловч түүний үг Кремлийн бодлогыг илэрхийлнэ. Цөмийн гэдэг үгийг сонсоод миний нүд аяганаасаа гарах шахлаа. Бид энэ үгийг хэрэглэхдээ маш болгоомжтой байх ёстой" гэжээ.
Эх сурвалж: BBC