Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Т.Идэрхангай: Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны зуны ордныг илрүүллээ


Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотыг илрүүлж, үргэлжлүүлэн судалгааны ажлаа ахлан хийж буй Улаанбаатар их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа. 

-Судлаачдад Хүннү гүрний нийслэл хаана байгаа вэ гэдэг хамгийн сонирхолтой зүйл байсан бол эсрэгээрээ дэлхийн ихэнх ард түмэн бүдүүлэг, зэрлэг нүүдэлчид гэсэн ойлголттой байсан байх. Түүхийн сурвалж бичиг болон Г.Сүхбаатар болон бусад эрдэмтний судалгааны бүтээлүүдэд Хүннүгийн нийслэл болон бусад хотын тухай юу гэж дурдсан байдаг вэ?
-Хятадын Хан Улсын ордны түүхч Сыма Цяны бичсэн Ши цзи зохиолын 110 дугаар бүлэг Хүннүгийн шастир хэсэгт тухайн үеийн хүннүчүүдийн тухай бичсэн байдаг. Тус номонд Лунченд их хуралдайд цугларан өвөг дээдэс, тэнгэр газрыг тахина хэмээн дурдагддаг. Түүнийг Х.Пэрлээгээс эхлээд Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн гуай гээд үе үеийн олон археологич судалсан. Х.Пэрлээ гуайн “Хүннүгийн нийслэл Луут хот буюу Лунчен Хангайн нуруунд бий” гэсэн таамаглалыг судлаачид баримталсаар ирлээ. Мөн Сыма Цяны түүхэн тэмдэглэлд Хүннү бол хотгүй, зэрлэг, бүдүүлэг, хүчээр уулгалан довтолж дайн тулаанаас олсон олз омгоороо амьдардаг мэтээр бичсэн өрөөсгөл ойлголт бий. Үүнийг ялангуяа 2010 оноос хойш хийж байгаа олон малтлага судалгааны ажил эрс үгүйсгэж байна.

Луут хотын малтлагаар Хүннүгийн хаан нь өөрийн гэсэн орд өргөөтэй, тэр нь дотроо ямар чамин, тансаг хийц бүхий усан сантай байсан нь тодорхой болж байна. Энэ нь Хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт олж буйгаар онцлог.Мөн бидний олсон хотоос холгүйхэн Хүннүгийн язгууртны бүлэг булштай Гол мод-1, Гол мод-2 гэсэн томоохон оршуулгын газар бий. Бид 2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод-2 хэмээх оршуулгын газрын язгууртны нэгдүгээр булшийг малтан судалж, маш чухал судалгааны үр дүнд хүрч байсан. 

Тэрхүү нэгдүгээр булш Төв Ази дахь хүннү булшны хамгийн томд тооцогдох язгууртны булш бөгөөд булшнаас гарсан алт, мөнгөн олдвор дээр дүрсэлсэн дүрслэл нь хүннү нар өөрсдийн гэсэн гар урлалтай байсан, тэд өөрийн гэсэн урлагийн соёлтой байсныг илтгэх олдвор олноор гарсан нь тухайн үед хүннүчүүд зэрлэг бүлэг биш байжээ гэдгийг харуулсан судалгаа болж байлаа. Өнөөдрийн бидний судалгаа ч тэд ямар агуу гүрэн байсныг тодоос тод баталж байна. 

-Таны Хүннүгийн нийслэлийг хайж олох судалгаа 2017 эхэлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаар зогссон юм билээ. Гэхдээ өнөөдөр зорьсон ажлынхаа эхлэлийг тавьж чадлаа. Цаашид уг судалгаанд хэдий хэр хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа орох вэ?
-Энэ хотыг хамгийн анх газрын зургийн программ буюу Google map, Bing map ашиглаж олж байсан. Түүнээс хойш мөнгө, санхүүгийн асуудлаас болоод хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сарын 19-нд хотыг үзэхээр ирэхдээ “Шаньюй” гэдэг бичигтэй ваар олсон. Тухайн үед барилгын материал болон ханз үсэгний зурлагууд их харагдсан. Би хятад хэлгүй учраас хотод аваачиж, эртний ханз мэддэг хүмүүсээр уншуулахад шаньюй гэсэн байсан. Ийм бичиг бүхий ваарны хэлтэрхий олсноороо энэ газрыг яаралтай малтах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Ер нь ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээг үзэхэд Хүннүгийн хот гэдэг нь тодорхой байсан. Түүнээс хойш жилийн дараа Улаанбаатарын их сургуулийн санжүүжилтээр судалгаагаа эхлүүллээ. Манай сургуулиас шатахуун тос, хоолны мөнгө өгсөн. Хэрвээ бүх хүнд цалин хөлс тооцвол их хөрөнгө шаардлагатай болно. Энд ажиллаж буй залуус бид шинжлэх ухааныхаа төлөө цалин хөлсгүй ажиллаж байна. 2011 онд бид Гол мод 2-ын язгууртны нэгдүгээр булшийг малтахад тэрхүү булшны малтлагад 200 гаруй сая төгрөг зарцуулсан гэж сонсож байлаа. Тэгэхээр хааны ордон, том хотыг судлахад мөнгө санхүүгийн эх үүсвэр нэлээд хэрэгтэй нь ойлгомжтой. Одоо 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 14 хоногийн хугацаатай ажиллаж байна. Уг малтлагыг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй явуулахад ажил хоёр дахин урагшилна.

Мөн нэмээд хугацаа тохироод судалгаа хийвэл хотын зохион байгуулалтыг олох, илүү том талбайг шуурхай судлах боломж нээгдэнэ. Дунджаар багадаа 30 хүний бүрэлдэхүүнтэй баг, 2-3 сарын турш малтлага судалгаа хийвэл томоохон үр дүнд хүрнэ. 2014-2015 онд хоёр жил 60 хоногоор Эгийн голын савд 50 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан туршлага бидэнд бий. Тэр үед би судалгааны ангиа удирдан ажиллаж байлаа. Судалгааны үр дүн ч маш гайхалтай байсан. Тодруулбал, Монголын хамгийн эртний оршуулгыг шинээр илрүүлэн олж малтан судалсан маань Монголын эртний түүхэнд 50 орчим жил тасраад байсан судалгааг дахин эхлүүлсэн шилдэг судалгаа болж байв. 

Гэхдээ бид малтлагын ажлыг шууд эхэлж, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Олон судалгаа хийж, түүнийхээ үндсэн дээр маш ул суурьтай хандах ёстой. Үүний тулд барилгын гадна талын хана, хэрэмнээс эхлээд зам, харгуй бүрийг маш нарийн тодруулах хэрэгтэй. Энэ судалгаа багаар бодоход тав, түүнээс дээш 10 жил үргэлжлэх байх. Учир нь, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын малтлага, судалгааны ажил 1999 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. 

-Судалгааны одоогийн үр дүнгээс үзэхэд урьдчилсан байдлаар хэр том хэмжээтэй хот байна вэ?
-Хотын гадна хэрмийн талбайн хэмжээ дунджаар 500 х 500 метр байна. Энэ бол Монголын хамгийн эртний хот. Учир нь, Хүннүгээс урагш байсан улсууд хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор  олдоогүй. Мөн Хүннү гүрэн хамгийн анхны төрт улсыг байгуулж, түүнээс хойших улсууд хот суурин байгуулж, төр удирдаж байсан нь тодорхой. Нөгөө талаас хамгийн эртний хот учраас ихэд бүдгэрсэн байна. Хотын гадна талын хэрэм гэхэд хойд талынхаас бусад нь мэдэгдэхгүй болжээ. Хажуугаас нь нүдээр харахад мэдэгдэхээргүй байна.

Харин дрон нисгэж агаараас зургийг нь харахад мэдэгдэнэ. Хот 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагджээ. Малтлага, судалгааны ажлыг нарийн явуулахгүй бол зарим хэсэг нь газрын хөрстэй тэгширсэн учраас мэдэхгүй өнгөрөх магадлал өндөр. Тэгэхээр дараа дараагийн судалгаанд зөвхөн археологийн малтлага судалгаа бус олон салбар шинжлэх ухааны уулзвар дээр судалгаа шинжилгээ явуулах шаардлагатай. Тодруулбал, хамгийн түрүүнд геофизикийн судалгаа хийх шаардлагатай байна. Ингэснээр ил харагдахгүй байгаа хөрсөн доорх зүйлийг нарийвчлан судлах боломжтой болно. Янз бүрийн шинжлэх ухааны уулзварт судалгааг явуулснаараа илүү чухал үр дүнд хүрдэг. Мөн үүнийг дагаад шаардлагатай хөрөнгө санхүү нэмэгдэнэ.

-Хотоос олдож буй вааран дээвэр, хэрэмний чимэглэлийг дүрслээч. Мөн эндээс харахад байшин барих соёл хожим Хятадаас нэвтрээгүй гэж үзэх нь зөв үү?
-Хүннүгийн тухай нарийн судалгаа хийдэг хүмүүс тус гүрний хотуудын барилга, байшингийн загвар, техник урдаас орж ирээгүй гэж үздэг. Гэхдээ Грек, Ромын уран барилгын загвар бага зэрэг орсон байх магадлалтай. Учир нь, хотын 250 х 250 метр/кв хэсэгт хааны ордон нь байрлаж байна. Түүний дөрөвний нэг хэсэгт хүний гараар бүтээсэн, тансаг усан сан бий. Хятадын түүхэнд ийм томоохон усан сантай барилга одоогоор мэдэгдэхгүй байна. Харин Барууны эртний хотуудын соёлын нөлөө байх магадлал бий.

Гэхдээ бид өөрсдийнхөө түүх соёлын өвийг заавал гаднаас хайх шаардлагагүй гэж судлаач хүний хувьд үздэг. Заавал эртний Хятад эсвэл Барууны загвартай төстэй байх ёсгүй. Анхнаасаа өөрсдийн гэсэн интерьер дизайнтай байж болно. Тэр байтугай чулуун зэвсгийн үед ч Монгол орны нутаг дэвсгэрт олон хүн амьдарч байсан. Тэр үеийн хүмүүс хөгжсөөр өнөөдрийг хүрсэн гэдэг нь хөдлөшгүй гэж боддог. Ер нь бид өөрсдийн түүхийг дотроос нь тайлбарлах хэрэгтэй. Манайхны зарим судлаач “Энэ нь эндээс, тэр нь тэндээс ирсэн байх магадлалтай” гэх мэтээр тайлбарлаж, өөрийн гэсэн үндсэн соёлгүй юм шиг үзэх нь бий. Энэ нь маш буруу. 

-Хотын хэрэм, ханын чимэглэл ямархуу байна вэ?
-Энд хааны зуны том ордон байна. Гадна талаараа илэрхий 500 х  500 метр хэмжээтэй хэрэмтэй. Гэхдээ судалгааны ажил дөнгөж эхэлж байна. Бид хэрэм гэж үзэх үү, үгүй юү гэдэг асуудал ч гарч байна. Юутай ч дотор талын ордны хэсэг маань эхний ээлжинд малтлагын явцад нэлээд мэдээлэл өгч байна. Малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай, салхи нэвт үлээхүйц саравч бүхий орны зохион байгуулалттай хот байсан гэмээр сэтгэгдэл төрүүлж байна.

Хааны ордны зохион байгуулалттай гэдэг нь тодорхой харагдаж байна. Вааран дээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр ваар гэж бий. Нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлжээ. Тэгтэл манай Монголоос олдсон 20 орчим хотоос нүүр вааран чимэглэлтэй хот цөөн байгаа ч, ийм утга заасан бичээстэй ханзгүй. Ихэвчлэн хээ чимэглэл, геометрийн дүрсүүд байдаг. 

-Хотын туурь огт хөндөгдөөгүй байсны шалтгаан юу вэ?
-Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных юм. Хэрвээ өндөр хана хэрэмтэй байсан бол нэлээн холоос овойж, товойж харагдах ёстой. Нутгийн малчид хүртэл хажууд нь ирчихээд “Нөгөө хот чинь хаана байна вэ” гэж асууж байна. Уйгурын нийслэл Хар балгастай адил Хүннүгийн нийслэл Луут хот том хана, хэрэмтэй, эсвэл үүнээс арай өөр байна гэж төсөөлж байсан бололтой. Тус хотыг байгуулахдаа анх мод ихээр ашиглаж барьсан байж магадгүй бөгөөд тухайн хот шатсан, эсвэл нурж устахад дараа дараагийн үед модыг нь бусад газарт зөөж ашигласан, тэгээд энэхүү тууринд зөвхөн хаягдал болох барилгын материал нь үлджээ гэсэн эхний дүгнэлтийг таамаг байдлаар хэлж болно.

Ийм учраас товойж үзэгдэх зүйлгүй тул хүмүүс мэддэггүй юм байна. Мөн байршил нь төв замаас хол, хонхор газарт байгаа бөгөөд ойр орчмыг нь социализмын үед тариа тарихаар хагалчихсан учраас хүмүүс поле гэж бодсоор ирж. Хойгуур, урдуур нь газрыг 2-3 километр хагалчихсан, харахад тэгш тал учраас хүн анзаарахааргүй юм байна. Мэргэжлийн бус хүмүүс харахад усан сангийн дөрвөлжинг нуур байсан гэж үзэх зэргээр мэдэгдэлгүй өнгөрчээ. 

-Энэ газарт хэдийгээр ул суурьтай олон жилийн малтлага, судалгаа хийх ёстой ч нэгэнт олонд ил боллоо. Харуул, хамгаалалтаа шийдсэн үү?
-Энэ бол сэтгэл хамгийн их зовоосон асуудал. Бидний малтлагын ажил дээр дор хаяж өдөрт тав, дээд тал нь 10-20 машинтай хүн ирж байна. Ихэнх нь баяр хүргэдэг. Гэвч бидний судалгаа дуусахаар хэрхэхийг таашгүй. Сайхан санаатай хүн олон байгаа ч, саар бодолтой нь байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс ойр орчмын малчдад сайн захиж хэлсэн. Хотын орчимд зуслан, намаржаа, өвөлжөө ойрхон байдаг юм байна. Уг нь сум, орон нутгийн удирлагууд нутагтаа байгаа түүх соёлын өвийг хамгаалах үүрэгтэй.

Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, байгаль хамгаалагчид үүнийг харж, хамгаалах ёстой. Мөн төр, засгаас анхаарч байнгын харуул, хамгаалалттай болгочихвол санаа амарна. Энэ жил шинээр Соёлын яамтай болсон нь олзуурхууштай. Бид энэ явдлыг төр засаг Монголынхоо ёс заншил, түүх соёлд анхаарч байна гэж харсан. Мөн Соёлын яамны сайд бол хуучнаар Түүх, археологийн хүрээлэнгийн захирал байсан хүн. Гал тогооноосоо гарсан энэ хүнд найдаж байгаа. Учир нь, шинэ яам байгуулагдахтай зэрэгцээд, Хүннүгийн нийслэл хотыг илрүүлж, дэлхийд зарласан учраас ямар нэг зүйл бодож байгаа байх. Мөн цахим орчинд олон хүн холбогдож, “Хадгалалт, хамгаалалтад тусална” гэдгээ илэрхийлсэн. Судалгаа дуусахаар тэдэнтэй холбогдохоос гадна яам, тамгын газарт хандана.

-Вааран дээвэр бүтнээрээ олдох боломжтой юу?
-Хотод байдаг сүүдрэвч шиг модоор зангидаж, вааран дээвэр хийсэн, хана хэрэмгүй ордон байна гэж үзэж байгаа. Шувуун буюу гурвалжин дээвэртэй байсан нь хоёр тал руугаа гулсаж унажээ. Гол хэсэгтээ ямар ч ваарны үлдэгдэлгүй. Харин захаараа ваарны хэлтэрхий ихтэй. Мөн тосгуур, нүүр ваар нь Уйгарын нийслэл Хар балгасынхаас том. Ихэнх нүүр ваар хагархай ч, ганц нэг бүтэн бий. Бүтэн болчихоор тосгуур болон нөмрөг ваар ч байна. Эдгээрийг бүрэн сэргээх боломжтой. 

-Соёлын өвийг сэргээн засварлах үндэсний төв энэ тал дээр хамтарч ажиллах байх. Археологийн олдворыг Монголдоо сэргээн засварлахад лабораториос эхлээд асуудал тулгардаг юм билээ. Тиймээс гаднын тусламж авах хэрэгцээ гардаг. Уг олдворуудыг сэргээн засах тал дээр байдал ямар байна вэ?
-Олдворыг сэргээн засварлах асуудал маш чухал. Одоогийн байдлаар модон эдлэл олдоогүй байна. Ваарны хагархай маш их олдсоныг Монголдоо сэргээн засварлах боломж бий. Учир нь, хагархайнуудаа эвлүүлээд, урьдчилсан зохион байгуулалтаа гаргачихдаг. Манайхан одоохондоо лакан эдлэл сэргээн засварлаж чадахгүй байх шиг байна. Гэхдээ модон, шавар, төмөр эдлэлийг сэргээчихнэ. Тиймээс энэ чиглэлийн боловсон хүчин чадавхжиж байгаа. Гэхдээ гаднын оронтой харьцуулахад тусгай лабораторигүй, хэдхэн хүн бүх ажлаа зохицуулдаг.

Үүнд Яам анхаарах хэрэгтэй. Ялангуяа он, цаг тогтоох болон генетикийн судалгааг Монголдоо хийдэг болох нь чухал. Эдгээр шинжилгээг гаднын томоохон лабораторид хийлгэхээр тэд бидний хийсэн зүйлийг шүүрч аваад, өөрсдийнхөө өнцгөөс харж тайлбарладаг. Үргэлж “Энэ нь эндээс, тэр нь тэндээс” ирж гэж тайлбарласнаар, Монголоос гадагш гарсан зүйл байдаггүй, гаднаас авсан болж харагддаг. Энэ тал дээр шинжлэх ухаанаа хөгжүүлснээр Монголын түүхийг дэлхийд таниулан тайлбарлах өнцөг өөрчлөгдөнө.

-Соёлын өвийг сэргээх үндэсний төв шинэ байртай болох гэж байгаа. Тэнд лабораторийн асуудлыг шийдэж байгаа юу?
-Яармагт шинэ байр барьж байгаа. Гэхдээ он цаг тогтоох эсвэл генетикийн лабораторитой болж байгаа тухай сонсоогүй. Эхний ээлжинд байрны асуудлаа шийдэж байна. Нэг үеэ бодоход шат ахиж байгаа ч илүү хурдтай ахих нь чухал гэдгийг гаднынхны бичиж буйгаас мэдэрдэг. 

-Тухайн үе бүр өөрийн онцлогтой. Хүннүгийн үеийн гар урлал болон одоо олдоод буй ваарны хээ хуарын онцлог юу байна вэ?
-Нүүдэлчдийн өөрсдийн соёлыг харуулсан хээ хуар олон байдаг. Тухайлбал, Гол мод 2-ын булшнаас гарсан алт, мөнгөн чимэглэл дээрх дүрс өөр хаанаас ч олдоогүй. Түүний зохиомж, хээ чимэглэл, тиг хэлбэр, сэтгэхүй маш гайхалтай. Мөнгөн чимэглэл дээрх билэгт гөрөөсний зохиомж, хээ хуар, урагш товойсон байдал монгол ахуйг харуулдаг. Алтан чимэглэл мөн адил. Энэ бүхэн нь Хүннүгийн бэлгэ тэмдгийг илэрхийлнэ. Бидний олсон дээврийн вааран дээр ч түүнтэй төстэй угалзарсан хээ байна.

-Нийслэл хотоос гадна Хүннүгийн үеийн 20 хотын 17 нь Монголд бий гэж үздэг. Луут хот эдгээр хоттой юугаараа төстэй вэ?
-Манайхан Хүннүгийн үеийн 20 хотын 16 нь Монголд, 3-4 нь Байгал нуурын орчимд, ганц нэг нь Өвөрмонголд, мөн Оросын Абаканд байна гэж үздэг. Үүнд бас ороогүй арваад хот бий. Ялангуяа Тамирын голын хөндийд Талын гурван хэрэм, түүнээс гадна Бор Азаргын, Халзан голын, Зосын, Талын хэрэм зэргийг дурдаж болно. Мөн Туул голын хөндийд дөрвөн хот байна. Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэмийн орчимд дөрвөн хот байгаа. Эдгээр хотын олонхоос нь барилгын материал олдоггүй учраас тахилын шинжтэй гэж үздэг.

Илэрхий том хэрэмтэй, голдоо шороон довцогтой хэрнээ барилгын материал, мод олдоггүй. Нүүдэлчдийн соёлоос улбаатай том асар, гэр байсныг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хотжиж байгаа ч монголчуудын олонх нь өнөө хэр гэрт амьдарч байна. Тэгэхээр хэрмийн доторх шороон довцогт хаадын асар гэр байсан байж магадгүй. Мөн тэндээс нь хог хаягдал нь олддоггүй. Харин энэхүү Луут хотоос барилгын материал ихээр олдож байна. Мөн Хэрлэн голын савд байдаг таван хотын гуравт нь малтлага, судалгаа хийж байгаа. Тэнд бас вааран дээвэр бий. Ер нь Монголд байгаа хотуудын 4-5 нь л барилгын материалтай. Барилгын материал гэдэгт барилга байсныг илтгэх дээвэр, туурга, суурийн хэсгийг ойлгож болно. Вааран дээвэр, түүний чимэглэл нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг. 

ЭХ СУРВАЛЖ: Npost.mn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ