
Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь зар, пост, мессежээр дамжуулан “Валют солино”, “Доллар өндөр ханшаар авна”, “Шуурхай валют арилжина” гэх мэт зар байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн онд л гэхэд цагдаагийн байгууллагад цахим орчинд “Валют солино” гэх зарын дагуу 68 иргэн залилуулсан тохиолдол бүртгэгджээ.
Залилагч этгээд цахим орчинд “Валют солино” гэх зар байршуулж, зах зээлийн ханшаас арай өндөр, эсвэл хэт ашигтай санал тавина. Иргэн холбогдоход “шилжүүлгээ эхэлж хий”, “би гадаадад байгаа тул онлайн гүйлгээгээр хийнэ” гэх мэт шалтгаан хэлж, мөнгийг нь урьдчилж шилжүүлэхийг шаарддаг. Мөнгө шилжүүлсний дараа холбоо таслах, хаягаа устгах, өөр нэр, өөр данс ашиглах зэргээр мөрөө балладаг.
Валют солих нэрийдлээр залилуулсан тохиолдлууд
Валютын ханшийн хэлбэлзэл, гадаад гүйлгээний эрэлт нэмэгдэх Цахим орчны хяналт сул, хуурамч аккаунт нээх амархан Иргэд “ашигтай ханш” хайж, албан бус сувгийг сонгох хандлага
Иргэд юуг анхаарах ёстой вэ?
Валют солилцоог зөвхөн баталгаатай сувгаар хийх. Арилжааны банк, албан ёсны валют арилжааны цэгийг сонгох нь хамгийн аюулгүй арга юм. Хувь хүнээр, онлайнаар валют солихоос татгалзах. Танихгүй этгээдтэй цахимаар харилцан, урьдчилгаа шилжүүлэг хийх нь залилангийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэт ашигтай саналд болгоомжтой хандах. Зах зээлийн ханшаас огцом зөрүүтэй “ашигтай” санал ихэнхдээ луйврын дохио байдаг. Мөнгө шилжүүлэхээс өмнө нягтлах. Данс эзэмшигчийн нэр, байгууллагын бүртгэл, тусгай зөвшөөрлийг шалгах. Залилангийн шинж илэрвэл мэдээлэх. Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагад даруй мэдэгдэж, баримт мэдээллийг хадгалан үлдээх.







