Эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх зорилготой монголчууд эрчимтэй үйлдвэрлэх үү, импортод эзлэгдэх үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдалд байна.
ОХУ-ын хүч давамгайлсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төр, хувийн хэвшлийнхэн хоёр талд гарсан ч түр хойшлуулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.
Түр хэлэлцээрийг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй хөдөлгөж буй Эдийн засаг, хөгжлийн яамныхан 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээ таван улсад татваргүй экспортолж, эдийн засгаа дан уул уурхайгаас хараат бус болгох өндөр ач холбогдолтой учир хэлэлцээрийг зүтгүүлж буйгаа тайлбарласан. Харин хувийн хэвшлийнхний зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийнхээ хаалгыг барьж, эдийн засгаараа хараат болох эрсдэлийг дурдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тэгвэл энэхүү хэлэлцээр нь Монголд үр ашигтай, үгүйг өгүүлэхийн өмнө Евроазийн эдийн засгийн холбоо болоод Чөлөөт худалдааны хэлэлцээрийн өрнөлийн талаар товч мэдээлэл хүргэе.
ЕАЭЗХ-г 2015 онд байгуулжээ
Зөвлөлтийн үедээ эдийн засгийн эвсэлтэй байсан ОХУ эвслээ нөхөх оролдлогыг 20 жил хийсэн гэдэг. Үр дүн нь БРИКС. Харин үүний дам нөлөөгөөр байгуулсан нь Евроазийн эдийн засгийн холбоо. Энэ холбоог 2015 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулсан түүхтэй. Өнөөгийн байдлаар энэ холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армен болон Киргизстан гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрдэж байна.
3 ба 375
Энэхүү хэлэлцээр нь зөвхөн өнгөрсөн оноос гаргаж ирсэн шинэ зүйл биш. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан байдаг. Улмаар тус холбооны шийдвэрийг гол гүйцэтгэгч байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс 2020 онд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байжээ. Ингээд өнгөрсөн оноос ажлын хэсгийнхэн намжмал байдлаас гарч, эрчимтэй хөдөлж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцээрийг урагшлуулах алхам хийхийг зэхэж байв.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрээр гурван жилийн хугацаанд 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохироод байгаа. Монголоос мах махан, арьс шир, ноос ноолууран болон хөдөө аж ахуйн бусад 375 төрлийн 633 барааг гаалийн татваргүй нийлүүлэхээр тохиролцсоныг албаныхан мэдээлсэн. Харин холбооны улсуудаас манай улс руу хүнс, эрдэс химийн, аж үйлдвэрийн болон бусад 375 нэр төрлийн 511 барааг импортын татваргүй нийлүүлэхээр тохирсон байлаа. Хэлэлцээрийн талаарх талуудын байр суурийг хүргэе.
“Монголд ашигтай, ашиггүй"
“ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ БОЛНО”
Монголын 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадагш нь импортолсноор улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж Засгийн газар болоод ЭЗХЯ-наас танилцуулж байгаа. Хоёр талын хамтарсан судалгаагаар хэлэлцээрийг байгуулснаар ДНБ өсөх үр дүн гарсан аж. Мөн энэ бодлого нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөхгүй гэдгийг албаныхан ам уралдан хэлж байгаа.
ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү
"Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх зорилготой. ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны улс орон руу Монгол Улс бараа бүтээгдэхүүн экспортлоход 15-50 хувийн татвар төлдөг. Түүнчлэн ОХУ руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны бусад саад хориг ихтэй. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны бусад саад тотгорыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой огт зөрчилдөхгүй."
“МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ХАРААТ БОЛОХ НЬ”
Харин дотоодын үйлдвэр эрхлэгчид үүний эсрэг байр суурьтай байгаа. Тог цахилгаан, түлш шатахууны импортын хараат манай улс хүнсний хараат болох эрсдэл өндөр болж буйг тэд сануулж байгаа. Хөдөө аж ахуйн салбар уналтад орж, дотоодын үйлдвэрүүд дампуурна. Салбараа эргэн босгоход цаг хугацаа болоод нөөц боломжийн хувьд асар хүнд нөхцөлд орно. Тиймээс импортоор оруулах 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг хасахыг хүсэж буйгаа үйлдвэр эрхлэгчид илэрхийлсэн юм.
“Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр
"Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолтой байх ёстой. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гээд байна. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Олон компани дампуурах нөхцөлд хүрэхээр байна. Хэлэлцээр байгуулснаар манай талаас мах, ноос ноолуурын бизнест бол ашигтай байх. Харин бусад салбарт ашиггүй. Хөдөө аж ахуйн салбар хүнд байдалд орно. Заавал ОХУ-ын хараат болж яах гээд байгаа юм. Михаил өвгөнд нэг бодол байхад Болд өвгөнд өөр нэг бодол байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна."
“Хүнс комплекс” компанийн ерөнхий захирал Д.Оюунтуяа
"Энэ хэлэлцээрийг байгуулснаар махны салбарт ашигтай гэж хүмүүс хараад байх шиг байна. Манай улсад малын өвчлөл их байдаг. Чанар стандартын шаардлага хангадаггүй гэж олон улсын зах зээл үздэг. Одоо хэлэлцээр байгууллаа ч махны экспорт бараг хийхгүй байх. Ямар нэгэн үйлдвэрт түүхий эдээр л нийлүүлэх байх. Оросууд манай махыг маш хямд үнээр авах гэж зүтгэдэг. Тиймээс өрсөлдөх чадваргүй л гэж харж байна."
“ТҮР ГЭРЭЭ ГЭДЭГ ИХЭЭХЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ”
Эдийн засагч, судлаачдын зүгээс ч энэхүү хэлэлцээрийг байгуулах нь Монголд ашиггүй, цаг нь болоогүй, одоо дотоодын зах зээлээ хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
"Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, экспортын уул уурхайн салбарын бус боломжийг харахад энэ хэлэлцээрийг байгуулах нь оновчтой бус буюу буруу гэсэн байр суурьтай байгаа. Үүнд гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээр Монгол Улсын хувьд геополитикийн маргаантай нөхцөл байдалд дэлхийн олон улсын томоохон байгууллагуудын хувьд хаана, хэнтэй хамтрах вэ, хэнтэй хамтран ажиллах вэ гэдэг дээр болгоомжтой хандах ёстой. Хоёрдугаарт, энэ хэлэлцээрт орсноор манай улсад ашигтай байх нөхцөл байдал юу байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улсын экспортыг уул уурхайн салбар л тодорхойлж байгаа шүү дээ. Мах, арьс шир гэсэн цөөн бүтээгдэхүүнтэй. Өөр бүтээгдэхүүнийг бид нийлүүлээд ашигтай байх уу гэдгээ тооцсон уу гэдэг асуудал байна. Эдийн засгаа солонгоруулна гэдэг асуудалд сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Боловсруулах үйлдвэр хөгжиж байгаа энэ үед бид хамгаалах ёстой. Энэ зах зээлд сөргөөр нөлөөлбөл яах вэ. Гуравдугаарт, худалдааны хэлэлцээрийг түр байгуулна. Холбоонд элсэн орох асуудал байхгүй гэж байна. Миний ойлголтоор эдийн засагт түр гэрээ гэдэг зүйл ихээхэн эргэлзээтэй. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн суурьтаа эрсдэл тулгачихаад үндэсний үйлдвэрийн салбартаа цохилт өгчихвөл эргэн сэргээхэд хэцүү байдалд орно гэж хувь хүнийхээ хувьд харж байна."
2.4 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа
Өнгөрсөн онд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болоод Монгол Улсын хийсэн гадаад худалдааны мэдээллээр манай улс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай байжээ. Тодруулбал, Монгол ЕАЭЗХ-ны улсууд руу 143 сая ам.долларын экспорт хийж, 2.5 тэрбум ам.долларын үнэ бүхий барааг импортолжээ. Харин ЕАЭЗХ-ны таван улсаас Монгол Улс руу нийлүүлсэн худалдааны 95 хувийг ОХУ дангаараа эзэлж байна.
“Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөв
Монголчууд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо 100 хувь хангах том амбицтай бодлогыг өрнүүлж байгаа. Хүмүүсийн хэлдгээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал"-ыг өрнүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа. Харин яг энэ үед ОХУ-ын нөлөө бүхий эдийн засгийн холбооноос татваргүй импортын бараа оруулж ирэх нь “Хүнсний хувьсгал”-тай яалт ч үгүй зөрчилдөж байна.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр
"Дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангах “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой зөрчилдөж байна. Энэ хэлэлцээрийг байгуулбал, манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ дампуурна. Бид өөрсдөө салбараа дампууруулах гэж байгаад тун харамсалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхантай хамтарч ажилламаар байна. Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбоод хамтарч энэ хэлэлцээрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байна."
Энэ нь төрийн бодлогын нэгдмэл байдал байхгүйтэй холбоотой. Уг нь бидэнд улсын хөгжлийн бодлого, алсын хараа бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дагасан хуультай. Гэтэл үндсэн бодлого чиглэлдээ тулгуурлахгүй байх нь алсдаа том зорилгод ч сөргөөр нөлөөлж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа солонгоруулах зорилготой гэгдэж буй энэ хэлэлцээр нь эргээд энэ бодлогодоо сөргөөр нөлөөлөхөөр харагдаж байгааг судлаачид хэлж буй. Өмнө нь ингэж бүтэлгүйтсэн туршлага ч манай улсад уг нь бий.
Бүтэлгүйтсэн туршлага
Асуудлын хариулт Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээний үр дүнгээс шууд харагдахаар байна. Манай улс Японтой 2015 онд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч экспорт өссөнгүй. Монголоос Япон руу хийсэн экспорт 2015 онд 20 сая ам.доллар байсан бол 2023 онд 14 сая ам.доллар болж буурчээ. Харин Японоос нийлүүлсэн импорт 2015 онд 274 сая ам.доллар байсан бол 2023 онд 716 сая ам.доллар болтлоо өсжээ. Эндээс манай улс 702 сая ам.долларын алдагдал хүлээсэн тоо баримт байна. Ийнхүү түншлэлийн гэрээ манай талд үр ашиггүй байгаа нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа бол хувийн хэвшлийнхэн чиг баримжаатай экспортын үйлдвэрлэл хөгжөөгүйтэй холбон тайлбарлаж байгаа.
Уг нь манай улсаас Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс экспортлох боломжтой ч тогтвортой нийлүүлэлт хийж чаддаггүй аж. Жишээ нь, арьс ширийг амжилттай нийлүүлж эхэлсэн ч зарим жил их, заримдаа цөөн нийлүүлдэг нь хамтран ажилладаг талд хүндрэлтэй байжээ. Мөн Монголоос арлын улс руу бараа нийлүүлэх хугацаа урт, инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс байгааг Японы аж ахуйн нэгжүүд судалгаанд оролцохдоо хэлжээ. Ерөнхийлж хэлбэл, өрсөлдөх чадвар өндөр хөгжөөгүй үйлдвэрлэлтэй ийм үед импортын барааг дэмжих нь өөрөө эдийн засгаа солонгоруулах үйл явцад сөргөөр нөлөөлдгийн жишээ болж буй. Тэгвэл энэ байдал ЕАЭЗХ-той хийхээр зэхэж буй хэлэлцээрт ч давтагдахыг үгүйсгэхгүй билээ.
Импортын барааны үнэд нөлөөлж чадахгүй
Ийн олны анхаарлын төвд өртөөд байгаа Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг яаравчлан байгуулах нь Монголын талд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж салбарынхан төдийгүй судлаачид үзэж байгаа. Дайны үед олон улсын хоригт орсон ЕАЭЗХ ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа. Ийм нөхцөл байдалд, тэр дундаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой энэ цаг үед олон нэр төрлийн импортын татваргүй бараа оруулах нь өөрсдийгөө боомилж байгаагаас ялгаа юун.
Хэдийгээр түр гэрээ ч цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй манай улсыг “эзлэхэд” гурван жил гэдэг хангалттай хугацаа. Татваргүй барааны нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах сайн тал бий ч дотоодын үйлдвэрлэл нэгэнт хумигдаж, импортын хараат болсон цагт бид эргээд хүнсний бүтээгдэхүүний үнийг яагаад ч хязгаарлаж чадахгүйд хүрнэ.
Түүнчлэн эдийн засгийн түншлэл хийгээд чөлөөт худалдааны хэлэлцээр нь хөгжиж буй орнуудын хувьд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжөөгүй байдгаас импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай гэдгийг ч олон улсын байгууллагууд сануулдаг. Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрхзүйн орчин тогтворгүй, тээврийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул гэдэг хэнд ч ойлгомжтой. Тиймээс эдийн засгийг тэлэх бус хумих хэлэлцээрийг эргэж харахаар болсон нь сайн хэрэг билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл