ОХУ-ын ерөнхийлөгч Путин Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Александр Хинштейнийг томилжээ. Тэрбээр Хинштейнд санал тавихдаа "Наймдугаар сараас хойш Украинд эзлэгдсэн тус бүсэд хямралын менежмент хэрэгтэй байна. Нутаг дэвсгэрийг дайснаас чөлөөлж байгаа тул орон сууц, нийтийн аж ахуйг сэргээж, эдийн засгийг бүхэлд нь сэргээх шаардлагатай байна. Одоо манай цэргүүдийн чөлөөлж буй бүс нутгийг сэргээхийн тулд мэдээжийн хэрэг их зүйл хийх шаардлагатай болно. Иймд таныг Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг санал болгож байна" гэжээ.
Александр Хинштейн нь Төрийн думын ахмад гишүүн бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй нэгэн юм. Үүнээс гадна ОХУ-ын Үндэсний гвардийн зөвлөхөөр хоёр жил ажилласан туршлагатай учир одоогийн албан тушаалд тохирно гэж үзсэн байна.
Курскийн захирагчаар Алексей Смирнов ажиллаж байсан. Кремлийн цахим хуудсанд нийтэлснээр Смирнов ийнхүү огцорч байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS