Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эзний эрх үүсэх хэрэгцээ


Өнгөрсөн зуны хамгийн дуулиантай сэдэв “Хулан хонгор”, “Хүмүүний нэгэн урсгал” зэрэг уран бүтээлийн маргаан байв.
Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцох бөгөөд зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ Нэг үеэ бодоход монголчууд оюуны өмчийн талаар ойлголттой, зохиогчийн эрхэнд хүндэтгэлтэй ханддаг болсныг дээрхээс харж болохоор. Гэхдээ энэ тухай ойлголт урлагийн салбарт углуургаараа төлөвшөөгүй байгаагийн жишээ ч тус үйл явдал байв. Түрүүлж дуулсан нь уран бүтээлийг өмчилж, өөриймсүүлэн, дараагийн хүний дуулах эрхийг хязгаарлах эрх зүйн боломжгүй юм. Мөн өмнө нь олон нийтэд хүрсэн уран бүтээлийг дахин дуулахдаа өөрийн дур, сонирхлоор сэргээдэг байдал ч хуулийн хүрээнд хүчин мөхөс. Уг нь энэ агуулгыг урлагийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгадаг ч уран бүтээлчид тодорхой ойлголт, мэдлэггүй байгааг олон жишээнээс харж болохоор байна.
Өмчийн эрх
Уран бүтээлийн оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал бусад оронтой харьцуулахад манайд харьцангуй хожуу үүссэн. Монголчуудын уртын болон ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байдаг бөгөөд үгийг нь бичсэн хүн, аяыг нь зохиосон хөгжмийн зохиолч гэж байдаггүй онцлогтой. Энэ төрлийн дууг өмчлөх ойлголт өнөө ч үгүй. Хэн дуртай нь, дуулах дөртэй нь эгшиглүүлж, найр наадмаа хөгжөөсөөр ирсэн. Харин нийгэм, цаг үе өөрчлөгдөх хэрээр хаяглах эзэнтэй, орчин үеийн хэв маягтай уран бүтээлүүд төрөн гарч, үзэгчид ч тэр зүг рүү “хуйларч” эхлэв. Ийнхүү оюуны өмчийг хамгаалах хэрэгцээ бий болж, 1944 онд оюуны өмчийн тухай анхны баримт бичгийг үйлдэж байжээ.
Зохиогчийн эрхэд холбогдох Монгол Улсын хуулиуд
- Монгол Улсын Үндсэн хууль
- Оюуны өмчийн тухай хууль
- Зохиогчийн эрхийн тухай хууль
- Зөрчлийн тухай хууль
- Иргэний хууль
- Эрүүгийн хууль
- Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль
- Өргөн нэвтрүүлгийн тухай хууль
- Зар сурталчилгааны тухай хууль
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Тэмдэгтийн хураамжийн тухай хууль
Түүнээс хойш зохиогчийн эрхийн асуудал улам төгөлдөржиж, энэ төрлийн агуулга Монгол Улсын цөөнгүй хууль тогтоомжид туссан байдаг.
Ойлголтгүйн балаг
Эрх зүйн хүрээнд зохиогчийн эрхийн асуудлыг ийн анхаарч, нарийвчлан авч үздэг ч өмнө өгүүлсэнчлэн уран бүтээлчид тэр бүр хэрэгжүүлдэггүй. Бодит амьдрал дээр дуучид сархад, хадаг, тав гурван төгрөг барьж, хөгжмийн зохиолч, ая зохиогчтойгоо уулзаад л дуугаа авч, өгөлцөх нь элбэг. Энд ямар ч гэрээний харилцаа үүсдэггүй бөгөөд тухайн дуучин тус уран бүтээлийг хэдий хугацаанд эзэмших хийгээд, өөр хүн дуулж болох эсэхийг огт хэлэлцдэггүй. Зохиолчдоос уран бүтээлээ авсан дуучин хөгжмийн найруулга хийлгэж, хоолойн бичлэгт ороод, дүрсжүүлэн цацна. Дараа нь, хүмүүст таниулж, олны хүртээл болгохоор мэрийнэ. Мэдээж үүнд мөнгө, санхүү, цаг, зав шаардана. Тэр нь дийлэнхдээ уран бүтээлчээс гарна. Дууг “Минийх” гэх агуулгаар өмчлөхдөө уран бүтээлчид ихэвчлэн энэ тухайгаа ярьдаг. Би амьдруулж, хүмүүст хүргэсэн учир миний уран бүтээл гэх нь элбэг. Гэвч гэрээний харилцаа үүсээгүй учир эзэмших хийгээд бусдад түгээх, дахин арилжих эрх нь зохиолч, зохиогчдод бий.
Эзний эрх үүсэх хэрэгцээОюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр
"Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар уран бүтээлийн онцгой эрх эзэмшдэг зохиогчдоос уран бүтээлийг нь дуулах зөвшөөрөл авах ёстой. Дуучин тоглогч уран бүтээлчийн эрх эдэлдэг. Дууг дуулсны дараа тоглогчийн эрх үүснэ. Өөрийнхөө ая дан хоолойгоор хөгжмийн найруулга хийгээд үүнийгээ нийтэд түгээх эрх үүсэж байна гэсэн үг. Өөрийнхөө хувилбараар нийтэд түгээх, бичлэг хийлгэх, олшруулах худалдан борлуулах эрх үүснэ. Харин өөр хүнд дуулуулахыг зөвшөөрөхгүй тийм онцгой эрх үүсэхгүй. Зохиогчийн эрхийн тухай хуульд онцгой эрх болон тоглогч уран бүтээлийн эрхийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа."
Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцох бөгөөд зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ хэмээн Зохиогчийн эрхийн тухай хуульд тусгасан байдаг. Тэгэхээр уран бүтээл бий болсон цагаас зохиогчийн эрх үүсдэг байж таарах нь.
Харин зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг хэлдэг бол эрх эзэмшигч гэж зохиогч, энэ хуульд заасны дагуу шинжлэх утга зохиол, ухаан, урлагийн бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэх бусад хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тусгасан байдаг. Тэгэхээр уран бүтээлчид ямар нэг уран бүтээлийг үнэхээр өөрөө өмчилж, бусдад дуулуулахгүй гэж мэрийвэл эзэмших эрхийг нь эзэмшигчтэй нь тохирч, эрх зүйн хүрээнд худалдаж авах шаардлагатай юм.
“Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ”
 Хэн, хэзээ, хэдийг хүртэл?
Ямар нэг уран бүтээлийн онцгой эрхийг хэн нэгэн хэдий хугацаанд эзэмших вэ гэдэг мөн чухал асуудал. Зохиогчийн эрхийн тухай хуульд энэ тухай тодорхой тусгасан байдаг. Тус хуулийн 14 дүгээр зүйлд Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна гэжээ. Онцгой эрх эзэмшигч нас барсан тохиолдолд эзэмшигчийн эрх өв залгамжлагдана. Энэ тухай тус хуульд, “Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ” хэмээсэн байна. Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмших юм.
Манай уран бүтээлчдийг дууг хэн, хэдий хугацаанд, хэрхэн эзэмших учраа олохгүй будилж байх зуур дэлхийн нөгөө бөөрөнд дуу хөгжим хамгийн ашигтай бизнест тооцогдож байна. Сайн уран бүтээл байр сав, үнэт эдлэлээс илүү үнэ цэн, өндөр үнэлэмжтэй өв болж хувирчээ. Жишээ дурдвал, алдарт дуучин Кэйти Перри өнгөрсөн онд зарим уран бүтээлийнхээ эзэмших эрхийг “Lit mus Music” продакшинд худалдаалсан байна. Тэрээр 2008 онд гаргасан “One of the Boys” цомгоос эхлэн 2020 онд цацсан “Smile” нэртэй альбомд багтах бүх дуугаа 225 сая ам.доллароор арилжсан байна. Түүнээс гадна алдарт дуучин Жастин Бибер өнгөрсөн нэгдүгээр сард “Hipgnosis Songs Capital” нэртэй студид өөрийнхөө бүх дууны эзэмших эрхийг 200 сая ам.доллароор зарсан юм. Ингэснээр, тэдний дуунуудаас орж ирэх бүх орлогыг тухайн студиуд авах бөгөөд арилжих эрх нь ч тэдэнд үүсэх аж.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ