Зөвлөх үйлчилгээний "Interbrand" компани уламжлал ёсоор дэлхийн брэндүүдийн үнэ цэнийн зэрэглэлийг танилцуулав. Урьд жилүүдтэй адил Apple жагсаалтыг тэргүүлж байгаа ч энэ жил тус компанийн үнэлгээ гурван хувиар буурч, 488.9 тэрбум доллар болжээ.
Жагсаалтын эхний таван байр өөрчлөгдөөгүй хэвээр. Microsoft-ын үнэлгээ 11 хувиар өсөж 352.5 тэрбум долларт хүрснээр хамгийн үнэтэй брэндүүдийн хоёрдугаарт жагсаж буй хэвээр бол Amazon-ы үнэлгээ 8 хувиар нэмэгдэн 298.1 тэрбум доллар болжээ. Дөрөвт бичигдэж буй Google компани 291.3 тэрбум, Samsung 100.8 тэрбумын үнэлгээтэйгээр тавдугаар байрт оржээ.
Жилийн өмнөх шигээ зургаадугаарт 72.8 тэрбум доллараар үнэлэгдсэн Toyota автомашины брэнд орсон байна.
Coca-Cola ($61.2 тэрбум), Mercedes-Benz ($58.9 тэрбум) байраа солилцож, чансааны долоо наймд орлоо. Жилийн өмнө автомашины брэнд үнэтэй байснаа 4 хувиар хямдарсан бол харин Coca-Cola эсрэгээр 5 хувиар үнэ цэнээ нэмэгдүүлжээ.
Есдүгээр байранд сонирхолтой өөрчлөлт гарсан нь Nike-ийн үнэлгээ 5 хувиар суларч компани 45.4 тэрбумаар үнэлэгдэх болсноор 14-р байр хүртэл ухрав. Харин Nike-ийн оронд 4 хувиар үнэлгээгээ нэмсэн McDonald’s 53 тэрбумын хөрөнгөтэйгөөр бичигдэж байна.
Үнэтэй брэндүүдийн жагсаалтын эхний арвыг жилийн өмнөхтэй адил 52 тэрбумын үнэлгээтэй BMW төгсгөж байна.