Зөвхөн энэ онд л хэрэгжих боломжтой хуулийн талаар энд өгүүлэх гэж байна. Энэ нь 1995-2019 оны хооронд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль юм. Тухайлбал, малчин Д.Өлзийсайхан 1965 онд төрсөн. Мал малласан хугацаа нь аль хэдийнэ 30 орчим жил болсон. Түүнчлэн дөрвөн хүүхэд өсгөсөн гээд 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломж байсан ч тэрээр нийгмийн даатгалд ХХОАТ-ын шимтгэл төлсөн хугацаа хангалтгүй гэдгээр тэтгэврээ тогтоолгож чадахгүй явсан аж. Энэ мэтчилэн шимтгэлээ нөхөн төлөх боломжгүйгээс олон иргэд хохирч байсан юм. Харин энэ жил төр засгаас малын “А” данстай байсан хугацаагаар төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломж олгосонд тэрээр баяртай байна хэмээн хуучилсан юм. Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны /61 нас хүртэл/ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний 1995-2019 онд малчнаар ажилласан буюу “А” данстай байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан буюу татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг 2017 онд УИХ-аас баталсан ч хэрэгжих хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээр мөрдүүлэхээр болсон юм.
Тэгэхээр малчин хүн дээрх хугацаанд малын “А” данстай, мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог хэн ч энэ хуулийн хэрэгжилтэд хамрагдах боломжтой. Харин 1995 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан болон одоо ч эрхэлж байгаа ХХОАТ төлөгчөөр бүртгүүлсэн баримт болон, уг татварыг төлж байсан тухай татварын төв байгууллагаас тодорхойлсон баримттай л бол та мөн төлөөгүй байсан хугацааны шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.
Хуульд хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг хэлнэ гэжээ.Өөрөөр хэлбэл, өмнө болон одоо аж ахуй эрхэлж иргэдийг ажлын байраар ханган цалинжуулж байсан мөн тухайн аймаг, нийслэлийн татварын албанд бүртгүүлж тайлан гарган ХХОАТ төлж байсан ажил олгогч болон ажилтан тухайн үед төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй бол одоо нөхөж төлөх боломж энэ хуулиар бүрдэж байгаа юм. Мэдээж хүн бүрийн шимтгэл төлсөн хугацаа харилцан адилгүй. Нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгний 10 хувиар бодож байна. Ингэхээр нэг жилийнх 504 мянган төгрөг болж байна. Тиймээс 10 жилээ нөхөн төлнө гэвэл 5.4 сая төгрөг төлөх бол 1-2 сарынхыг нөхөн төлнө гэвэл 42-84 мянган төгрөг төлөх жишээтэй. Одоогоор энэ хуульд хамрагдах 88 мянган иргэн байгаа судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан байна. Тиймээс энэ хуульд хамрагдах иргэн хүсэлтээ өөрийн харьяалах, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгуулагад хандаж гаргана. Хуулийн хэрэгжилтэд хамрагдах иргэдийн хүсэлт, дараалал Нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсгэхээс сэргийлж бүх лавлагааг цахим хэлбэрээр авахаар болгож байгаа талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ онцолж байна. Иргэд татвар, архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг 4-5 байгууллагаас тодорхойлт авах бичиг баримт бүрдүүлнэ. Тиймээс энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд эдгээр байгууллагад хамтран ажиллах, лавлагааг цахимаар нэгтгэх тухай хүсэлтээ хүргүүлээд байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажилласан жил нь 25 хүрсэн бол шимтгэлээ нөхөн төлөөд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээгүй байсан ч тэтгэвэрээ тогтоолгох боломжтой гэсэн буруу ойлголт зарим иргэдийн дунд байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ боломжгүйг албаныхан хэлсэн. Харин шимтгэлээ нөхөн төлсөн тохиолдолд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гаргахад ямар ч саадгүй болж байгаагаар энэ хууль онцлогтой гэсэн юм. Мөн төрөөс 1990- 2000 он хүртэлх ажилласан жилийг иргэдэд нөхөн олгосон. Тэгвэл энэ хуульд зөвхөн 1995-2000 он хүртэлх хугацааг хамааруулах ажээ.
Ц.МягмарбаярЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин