Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьж байгаагаа ил тод зарласан. Намын дарга С.Эрдэнэ “Сонгуульд нэр дэвших гэж байгаа бол дэнчин төлөх чадалтай байх хэрэгтэй. Хэдэн найзаа цуглуулаад хандив цуглуулж чадахгүй бол улстөрд яваад хэрэггүй” гэх утгатай мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэ удаа АН-ынхан дотоод суудлаа мөн л мөнгөөр арилждаг нь ил боллоо.Тодруулбал СХД-ийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Хажидмаагийн автомашин дотор хийж буй уулзалтын яриа задарч, АН-ынхныг “онигоонд оруулаад” байна.Тэрбээр “Тэргүүлэгчдийн хурлаар 3 сая төгрөг төлсөн таван хүний нэр дээшээ явж байгаа, Энэ дотор чиний нэр орчихсон. Дээрээс нь н.Дөлгөөн н.Чимэддорж хоёр өнөөдөр мөнгөө хийж байна. Тэр хоёр 17 сая төгрөг хийж байгаа. Тэгээд нэрээ татаж авья гэсэн. Гэхдээ яахав бид мөнгө орчихсон гээд орлоготой нь дээш нь өгүүлсэн. Ер нь тогтоол гараад дээр нь хавсрагдчихсан байхгүй юу. Тэгээд би чинийхийг бичилгүй хаячихсан. Тэгсэн өнөөдөр нөгөө тогтоолоо өг гээд болдоггүй. Өнөөдөр 4:30-д хуралдах гэж байгаа.
Тэртэй тэргүй мөнгөний асуудал угаасаа яригдаж байгаа. Намайг бол ерөнхийдөө он гаргаад солих юм шиг байна лээ. Өчнөөн олон хүн сольж байгаа юм байна. Нөгөө нам ялбал дүүрэг рүү орох өрсөлдөөнтэй, би ч цөхөрч байна. Миний хувьд их хуралд явж байгаа биш, суудлаа алдана гэх юм надад байхгүй. Би Ариунболдод хэлсэн байхгүй юу.
Зөвхөн тэр намын дэргэд байхаар бол хоёулаа суудлаа заръя аа гэдэг санааг бол Ариунболдод тавьсан юм. Манай нийслэлд үзэх гэж байгаа зарим залуус бол 40 сая гэж ярьж байна. Би бол үнэрхэхгүй, 30 саяар өгчихөөд л явна. Намайг солино гээл өчнөөн олон хүн дээр нь өрсөлдөөд бөөн юм болж байна. Цэцэгмаагийн асуудал ч гэсэн хамт яригдаад, ямар ч байсан нэр дэвшихгүй болгосон. Угаасаа энэ нам чинь аймар балиар байдаг юм байна” гэх зэргээр намынхаа нууц арилжааг илчилжээ.УИХ-ын гишүүн, сайд, газрын дарга гэх зэрэг томоохон албан тушаал дээр ил далд яригддаг албан тушаалын наймаа намын дотоод суудал хүртэл гүнзгийрч, ил цагаандаа гарна гэж хэн санах вэ. “Дотоод ардчилал сайтай” гэж өөрсдийгөө тодотгох дуртай АН энэ удаа арай л муухай байдалд орчихов уу.