Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулжээ. Улмаар 39 зөрчил илрүүлэн хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Шалгалтын явцад:
- Хүнсний бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулж,
- Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлж,
- Стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авалт хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдэд хүргүүлэн ажиллаж байна.