Өмнөговь аймгийн ЗДТГ Даланзадгадын хуучин барилгуудыг нурааж, газар дээр нь шинэ барилга барих төсөл хэрэгжүүлж байна. Даланзадгад сумын 36 айлын 6, 7, 8 дугаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих төсөл 2023 онд эхэлжээ. Уг орон сууцны оронд “Ивээл хос жаргалууд” ХХК шинээр 2 блок, 12 давхар, үйлчилгээний төв бүхий орон сууц барьж байна. Үүнийг 2026 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр орон сууцыг 1971 онд эмч, багш нарт зориулан, барьсан аж.
Тус сумын 3 дугаар багийн нутагт байрлах нийт 9 барилгыг буулгаж, шинээр барих ажлыг “Оргил-Өндөр хийц” ХХК хариуцаж байна.
Энд байрлалтай зочид буудал, 18 айлын орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх төслийг “Гурвансайхан констракшн” ХХК хэрэгжүүлж байна. 1968 онд барьсан зочид буудлыг 1992 онд хувьчилсан аж. Шинэ барилгуудыг 2025 оны 4-р улиралд ашиглалтад оруулна.
Хуучин барилгыг нураах, гадна шугам сүлжээг шинэчлэх, гадна орчныг тохижуулах, зураг, төсөл гаргахад тус аймгийн ЗДТГ дэмжлэг үзүүлж байгаа аж.