"Телеграм"-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуров Францад баривчлагджээ. Тэрбээр Бямба гаригийн орой хувийн онгоцоороо Парисаас гадна орших Ле Бурже нисэх онгоцны буудал руу ниссэнийхээ дараа баривчлагдсан байна. Дуров 2014 онд сөрөг хүчний бүлгүүдийг хаах тухай засгийн газрын шаардлагыг биелүүлэхээс татгалзсаныхаа дараа Оросыг орхисон.
"Телеграм"-д модератор байхгүй тул хар тамхины наймаа, хүүхэд хүчирхийлэгчдийн сүлжээ зэрэг гэмт хэргийн үйл ажиллагааг тус аппликейшнээр дамжуулан саадгүй явуулахыг зөвшөөрсөн гэж үзжээ. Иймд Орост төрсөн Дуровыг Францад баривчлах тушаал гарсан аж.
Нэг тэрбум орчим хэрэглэгчтэй "Телеграм" нь "Facebook", "YouTube", "WhatsApp", "Instagram", "TikTok", "WeChat" зэрэг цахим сүлжээний аваргуудтай зэрэгцэн дээгүүр байр суурь эзэлдэг платформ. Орос, Украин, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудад "Телеграм"-ын нөлөө мэдэгдэхүйц их байдаг. Орос, Украины дайн эхэлснээс хойш "Телеграм" нь мөргөлдөөнийг тойрсон шүүлтүүргүй мэдээллийн эх сурвалж болсон гэхэд болно. Зарим шинжээчийн хэлж буйгаар "Телеграм" хэдийнэ Орос, Украины талуудын виртуал тулааны талбар болжээ. Нөгөөтэйгүүр тус аппликейшн нь авторитар дэглэмийн үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайг бүрдүүлсэн гэж үздэг.
Павел Дуров 2013 онд ахтайгаа хамтран "Телеграм"-ыг үүсгэн байгуулжээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгөхдөө "Би хэн нэгнээс захиалга авах бус эрх чөлөөтэй байхыг илүүд үздэг" гэж хэлж байв.
"Х" платформын босс Элон Маск энэ баривчилгаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Модератор гэдэг бол цензурдана гэсэн утгатай суртал ухуулгын үг" гэж хэлсэн.
Харин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Медведев хэлэхдээ "Дуров эх оронгүйгээр гайхалтай амьдардаг, дэлхийн шилдэг хүн болохыг хүсч байна. Гэвч тэр буруу тооцоолсон. Бидний нийтлэг дайснуудын хувьд бол тэр орос хүн. Тиймээс урьдчилан таамаглах аргагүй бөгөөд аюултай байна. Хүн эх орноо сонгож болохгүй гэдгийг Дуров эцэст нь ойлгох ёстой" гэжээ.
Эх сурвалж: REUTERS, EURO NEWS