Орон нутгийн замд согтуугаар жолоо барьж явсан иргэний бичлэг цахим орчинд нийтлэгдээд буй. Тодруулбал, 890* ДО* гэх улсын дугаартай "Toyota Harrier" загварын автомашиныг жолоодож явсан иргэн өөрийгөө хянах чадваргүй согтож, орон нутгийн зам дээр зам хөндөлдөж явсныг иргэн гар утсаараа бичлэг хийн цахим сүлжээнд нийтэлсэн юм. Энэ талаар бид согтуугаар жолоо барьж явсан жолоочтой холбогдож тодруулахад "Согтуугаар жолоо барьж байсан нь үнэн. Хэнтийгээс Дорнод аймгийн Баян-Уул сум орохоор явж байсан юм. Машиндаа хоёулаа явсан. Цагдаад шалгуулаад явж байна" гэх мэдээлэл өглөө.
Согтуугаар жолоо барьсан тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ.
Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд тусгасан.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жилийн хорих ял оноохоор болж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
https://ergelt.mn/news/72/single/46125