Зугаалгаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын хоёр нь зам тээврийн ослын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн хавар гарсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид Эрдмийн баяраа тэмдэглэж, ууланд аялахаар яваад осолд орсон юм. Ослын улмаас долоон настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд эндсэн билээ.
Тэгвэл уг харамсалтай хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, зам тээврийн осолд өртсөн автомашины эзэд алга болж, талийгаач хүүгийн ар гэрийнхэн хүнд байдалд байна.
ЦЕГ: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХҮҮХЭД ЭНДСЭН ХЭРГИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГАЖ БАЙНА
Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 28-ны 18:30 цагийн орчимд "Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан байдаг. Шалгалтын явцад том оврын ачааны автомашин авто замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн “Дээрх дуудлага мэдээллийн дагуу хэрэг бүртгэл нээж, уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
ТАЛИЙГААЧ ХҮҮГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН БОЛОН ОСОЛ ГАРГАЖ, АМИНД НЬ ХҮРСЭН ЖОЛООЧ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
Тавдугаар сарын 28-нд буюу мягмарт гарагт Даланзадгад сумын 1а ангийнхан ангийн багш болон зарим эцэг, эхийн хамт Ханхонгор сумын нутаг дэвсгэр рүү өдрийн аялал хийжээ. Хүүхдүүд багш, эцэг, эхтэйгээ хамт ууланд алхаж, 17:00 цагийн үед аймгийн төв рүүгээ хөдөлсөн гэнэ. Хүүхдүүдийг эцэг, эх нь хувийн автомашинаараа тээвэрлэж, зугаалганд явжээ. Ингээд ослын улмаас эндсэн хүү, охин хоёрын суусан автомашиныг талийгаач охины аав, ээж жолоодож явсан аж. Талийгаач хүү тэдний машинд дайгдаж явсан гэсэн үг. Тэднийг зорчиж явах үед нь том оврын ачааны машин араас нь мөргөж, зам тээврийн осол гаргажээ. Талийгаач хүүхдүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Талийгаачийн ангийнхан зугаалганд явахын тулд нэг хүүхдээс тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан. Тодорхой тооны машинд хүүхдүүд хуваагдан сууж, аялалд явсан юм билээ. Нэгдсэн журмаар л зугаалганд явсан гэсэн үг шүү дээ. Тэр өдөр мягмар гараг буюу ажлын өдөр байсан учраас зарим хүүхдийн аав, ээж хамт яваагүй. Цөөн тооны эцэг, эх багшид нь хань болж, хүүхдүүдийг зугаалганд авч явсан. Талийгаач хүүгийн ээж ажилтай байсан учраас хүүхдээ таньдаг хүндээ даатгаад, машинд нь суулгаад явуулсан байдаг. Тэр өдөр хэд хэдэн удаа холбогдож, мэдээлэл хүргэсэн юм билээ. Тэгээд орой нь “Аймаг руугаа хөдөлж байна” гэсэн мэдээллийг ээж нь авсан. Ажлаа тараад, хүүгээ авахаар очиход нь зам тээврийн осолд орсон тухай мэдээ эмнэлгээс ирсэн. Ингээд очиход нь хэдийнэ амьсгал хураасан байсан гэсэн. Эрдэм сурсан баяраа тэмдэглэж, ангийнхантайгаа зугаалганд явсан долоон настай хүүгээ алдсан ар гэрийнхэн нь хүнд байдалд байна. Талийгаач хүүг тээвэрлэж явсан суудлын автомашины жолооч ч сураггүй болсон. Өөрийнх нь хүүхэд нас барсан учраас тэр үедээ холбогдож чадаагүй. Мөн хүүхдүүдийн сууж явсан автомашиныг мөргөж, зам тээврийн ноцтой осол гаргасан том тэрэгний жолооч ч сураггүй алга болсон. Угаасаа холбоо бариа ч үгүй юм байна лээ. Тухайн жолооч нь нэртэй компанийн нүүрс тээврийн жолооч байсан юм билээ. Ажлын цагаар, ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ осол гаргаж, хоёр хүүхдийн аминд хүрсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл тухай жолоочийг ажиллуулдаг компани нь ч сураггүй алга болж, талийгаач хүүгийн ар гэрийнхнийг хөсөр хаясан. Ар гэрийнхэн нь хэнд хандахаа мэдэхгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр байна. Цагдаагийн байгууллага ч таг болсон. Хэрэг нь шалгагдаж байгаа юм уу, хаагдсан юм уу, шүүхэд шилжсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Долоон настай хүүгээ алдсан ар гэрийнхэн маш хүнд байдалд, гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна” гэв.
Талийгаач хүүгийн ар гэрийнхэн өмгөөллийн туслалцаа авахыг хүсэж байгаа бөгөөд энэ хэрэг дээр ажиллаж, хууль зүйн зөвлөгөө өгөх хүн хайж байгаа аж.
https://ergelt.mn/news/59/single/46062