Олон улсын харилцаанд хүчний тэнцвэр тогтворгүй байгаагаас шалтгаалан улс орнуудын дотоод асуудалд гаднын улс хөндлөнгөөс оролцох, ялангуяа сонгуульд нөлөөлөх явдал нэмэгдэж байгааг ажиглагчид анхааруулж буйг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгаанд өгүүлсэн байна.
Гаднын улс орнуудын зүгээс сонгуульд нөлөөлж, оролцох нь шинэ үзэгдэл биш ч технологийн дэвшлийн нөлөөгөөр илүү хялбар атлаа үл мэдэгдэм болж байгаа нь сорилт болж буйг тодотгожээ. Түүнчлэн сорилтыг даван туулж шийдвэрлэхийн тулд түүнийг танин мэдэх нь чухал учир ОХУ, АНУ, БНХАУ-ын бусад орны сонгуульд оролцсон талаарх мэдээллийг тоймлож, улмаар дүгнэлт хийжээ.
Тухайлбал, ОХУ-аас АНУ-ын сонгуульд нөлөөлсөн талаарх мэдээллээс хүргэхэд:
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хэрхэн оролцсон талаар Америкийн Сенатын тагнуулын тусгай хорооны 2020 оны 11 сарын тайланд дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг. Тус тайланд дурьдсанаар Д.Трампын сонгуулийн кампанит ажлын менежер Пол Манафорт Оросын тусгай албадтай хамтран ажилладаг байсан ба сонгуульд ажиллах 2 сар орчмын хугацаанд эмзэг, нууц мэдээллүүдийг задруулсан гэжээ. Сонгуулийн үеэр Оросын талын хийсэн гол ажил нь хамтран ажилладаг этгээдээ нэр дэвшигчийн ажлын албанд нэвтрүүлэх, кибер халдлага хийх, олсон мэдээллийг интернетийн тролл армиар дамжуулан манипуляц хийх, худал, ташаа мэдээлэл түгээх, олон нийтийн сүлжээнд мэдээллийн дайн хийх зэрэг байв. Үүнийг ерөнхийд нь нack-and-leak ажиллагаа гэж нэрлэдэг ба WikiLeaks платформ голлох үүрэгтэй ажиллаж байжээ. Нийгмийн сүлжээний платформуудыг ашиглан олон нийтийг чиглүүлэх, төөрөгдүүлэх уг ажиллагааг Кремлиэс удирддаг, Е.Пригожиний үүсгэн байгуулсан Интернет судалгааны агентлаг (Internet Research Agency) голчлон зохион байгуулсан гэж үздэг.
Тэгвэл АНУ-аас бусад улсын сонгуульд нөлөөлсөн байдлын талаарх мэдээллээс хүргэхэд:
Хүйтэн дайны үед АНУ коммунизмын тархалтаас сэргийлэх зорилгоор улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцох нь цөөнгүй байжээ. Энэ талаар Хонконгийн их сургуулийн профессор Дов Х.Левингийн судалгаанд 1946-2000 оны хооронд АНУ бусад улс орны сонгуульд хөндлөнгөөс оролцсон 80 гаруй тохиолдлыг дурьдсан байна. Харин хүйтэн дайн дараа АНУ-ын энэ үйл ажиллагаа харьцангуй багассан гэжээ.
The Atlantic сэтгүүлийн нийтлэлч Питер Бейнартын бичсэнээр АНУ Хүйтэн дайны дараа ардчиллыг дэмжих зорилгоор Ардчиллын төлөөх үндэсний сан (National Endowment for Democracy) болон бусад байгууллагуудаар дамжуулан сонгуулийг чөлөөт, шударга явуулахыг илээр дэмжиж ирсэн ба сонгуулийн саналыг өөрчлөх оролдлого, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуурамч мэдээлэл түгээхийн эсрэг байдаг гэжээ.
Хүйтэн дайн дараа Орос улс ардчилалд шилжиж байсан эхний жилүүдэд АНУ болон Европын засгийн газар, ЕАБХАБ зэрэг засгийн газар хоорондын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын сонгуульд үзүүлэх тусламжийг Оросын эрх баригчид албан ёсоор зөвшөөрч байв. Тухайлбал АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) сонгуулийн улс төр, иргэний оролцоотой холбоотой олон төсөл хөтөлбөрийг Оросын засгийн газар дэмжин хэрэгжүүлж байжээ.
АНУ Оросын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хамгийн тод жишээ нь 1996 онд ерөнхийлөгч Борис Ельциний улиран сонгогдоход Америкийн улс төрийн зөвлөхүүд хэрхэн тусалсан талаар дэлгэрэнгүй нийтлэл The Time сэтгүүлийн 1996 оны дугаарт байдаг.
АНУ олон улсын хөндлөнгийн оролцоог шууд болон шууд бусаар хориглосон олон баримт бичигт нэгдэн орсон ч дэлхий дахинд авторитаризм нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн орны сонгуульд далд байдлаар оролцсон талаар Council on Foreign Relations-ийн судлаач бичжээ. Гэхдээ ардчиллын үнэт зүйлстэй харшилсан үйлдлээр ардчилсан бус дэглэмтэй тэмцэх нь урт хугацаандаа илүү их хор хөнөөлтэй болохыг ч мөн анхааруулсан байна.
Харин Хятадын тухайд гаднын сонгуульд оролцох оролдлого Оростой харьцуулбал бага хэдий ч сүүлийн үед эрс өсч байгааг судлаачид онцолж буйг тоймд тодотгожээ.
Хятадууд сонгуулийн үйл ажиллагаанд шууд оролцохоос илүү алсаар тойрсон буюу хятадын диаспорагаар дамжуулан гол шийдвэр гаргагчдад нөлөөлөх, бодлого тодорхойлогч, бизнесийн нөлөө бүхий хүрээнийхэнтэй харилцаа тогтоох, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллээр өөрийн өгүүлэмжийг (нарратив) нэвтрүүлэх замаар олон нийтэд нөлөөлдөг байна.
Гэвч сүүлийн үед Оросын хэрэглэдэг цахим орчинд идэвхтэй ажиллан дотоодын хагарал үүсгэх аргыг ашиглаж байж болзошгүй талаар АНУ-ын Rand судалгааны хүрээлэнгийн нэгэн судалгаанд өгүүлжээ. Тухайлбал, хятадтай холбоотой твиттер хаягууд Калифорни муж улсыг тусгаар тогтнохыг уриалж “Yes California” кампанит ажлыг Хонконгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй харьцуулсан жиргээг түгээж байгааг тогтоосон талаараа дурьджээ. Түүнчлэн тус судалгаанд улс орнуудын доторх популизм, хуваагдал нь Хятадын хөгжлийн загвар, ХКН-ын бодлогыг сурталчлах таатай хөрс суурийг бүрдүүлж болзошгүйг сануулжээ.
ХКН Нэгдсэн фронтын үйл ажиллагаагаар дамжуулан хилийн чанадад нөлөөллийн ажил хэрхэн явуулдаг, ялангуяа Австралийн улс төрд хэрхэн нөлөөлсөн талаар судалгааг Австралийн стратегийн бодлого судлалын хүрээлэнгийн судлаач Алекс Жоске хэвлүүлсэн байдаг.
Судалгаанд Хятадын Нэгдсэн фронтын гишүүд болох Хуан Шианмо, Эрнест Вонг нарын хэргийг жишээ болгон авчээ. Нэгдсэн фронттой нягт хамтран ажилладаг Хятадыг энх тайвнаар нэгтгэх зөвлөлийн Австрали дахь салбарын захирал Хуан Шианмо 2013 онд Австралийн сенатч Сэм Дастъяритай танилцжээ. Улмаар түүний санаачилсан хуулийн төслийг лоббидон их хэмжээний хандив өгөх, парламентийн гишүүдийг Хятадад аялуулах, тэдний хэтрүүлэн зарцуулсан томилолтын зардлыг “зохицуулах” зэргээр тусалдаг байжээ. Аажмаар Хуан Австралийн улс төрийн хүрээнд нөлөөтэй болж эрх баригч болон сөрөг хүчний улс төрчидтэй чөлөөтэй харилцдаг болжээ. Тэрээр Шинэ Өмнөд Уэльсийн Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, тус намын санхүүгийн дарга асан, Холбооны Либерал намын сайд асан, Холбооны Либерал намын өөр нэгэн сайдын хэвлэл мэдээллийн зөвлөх асныг элсүүлэн, нөлөөллийн ажил явуулж байсан нь сүүлд тодорхой болсон гэхчлэн дэлгэрэнгүй мэдээллийг тоймд дурджээ.
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгааны дүгнэлтийг эшлэн хүргэхэд, Сонгуульд хөндлөнгөөс оролцох нь шинэ үзэгдэл биш бөгөөд технологийн дэвшил, мэдээллийн хурдаас шалтгаалан улам үл мэдэгдэм, илүү хор хөнөөлтэй болж байна.
Их гүрнүүдээс бусад улсын улс төрийн сонгуульд нөлөөлж буй арга тактик нь өөр хоорондоо ялгаатай байна.
ОХУ тухайн улсын иргэд, нийгмийн сэтгэлзүйд чиглэсэн мэдээллийг цацах, өөрт элэгтэй улс төрчийг татах арга зам ашигладаг бол АНУ өөрийн олон улсын байгууллагуудаар дамжуулан нөлөөллийн ажил өрнүүлдэг онцлогтой байна.
Харин Хятад улс тухайн улсын нэр хүндтэй улс төрчидтэй шууд холбоо тогтоох, “хандив” өгөх, Хятадад аялуулах зэрэг хувийн нягт харилцаа үүсгэх явдлыг илүүд үздэг ажээ.
Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ялангуяа төрийн эрх барих эрхэд хөндлөнгөөс халдах, нөлөөлөх нь үндэсний бүрэн эрхт байдал болоод аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл юм.
Үүний эсрэг төр, иргэний нийгмийн байгууллагууд бүхий л түвшинд хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулах, улс төрчдийн авч буй “хандив тусламж”-ийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, олон нийтийг мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болгох, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг таньж сурахад сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах, хөндлөнгөөс оролцох талаар нийгмийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах нь үр дүнтэй талаар судалгааны өгүүллүүдэд зөвлөжээ.