Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөж байна. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдсөн. Азийн аваргын эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Харин Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээний 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт орлоо. Японы баг долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байр, Монгол Улс хоёрдугаар байр, Өмнөд Солонгос хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа. Өнөөдөр Азийн аваргын дөрөв дэх өдөр холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн Азийн аварга өндөрлөнө. Манай улсын баг “D” хэсэгт Тайваний багтай таарсан байгаа. Хэрэв ялалт авч чадвал хэсгээсээ гарч, “С” хэсгийн Узбекистан, Туркменистаны ялсантай багтай зооны аваргын төлөө барилдах юм.
АЗИ ТИВИЙН АВАРГААС Г.АЛТАНБАГАНА 90 КГ-Д МӨНГӨН МЕДАЛЬ:
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана алтан медалийн төлөө Япон Улсын тамирчин Санширо Мүраотой барилдаж ялагдал хүлээснээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
АЗИ ТИВИЙН АВАРГААС А.АДЪЯАСҮРЭН +78 КГ-Д МӨНГӨН МЕДАЛЬ:
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсаайханы Адъяасүрэн алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин И Хён Житой барилдаж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
АЗИ ТИВИЙН АВАРГААС Б.ГОНЧИГСҮРЭН -100 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ:
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Ким Сэх Ёнтой барилдаж ялснаар эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ
АЗИ ТИВИЙН АВАРГААС О.ХҮСЛЭН -78 КГ-Д ХҮРЭЛ МЕДАЛЬ:
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг Үндэсний шигшээ баг, “Монголын жүдо академи”-ийн тамирчин, ОУХМ Отгонбаярын Хүслэн хүрэл медалийн төлөө Казахстан Улсын тамирчин Аруна Жангелдинатай барилдаж нэмэлт цагт ялснаар эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.