Сонгуулийн дүн тодорхой харагдаж байна. МАН үнэмлэхүй ялна. Өмнөхтэйгээ тэнцүү, ядаж ойролцоо суудал авна. Илүү байхыг ч үгүйсгэхгүй. Авчиг хүчээ нэгтгэсэндээ бус. Өнгөрөгч дөрвөн жил өөрөөсөө өөр өрсөлдөгчгүй явсны ач. Баруун гар нь зүүнтэйгээ хэсэг барилдсан. Зөв, буруу гэлтгүй хоёр гар нь аль алинаасаа дутахгүй хүчтэйг харсан. Гэлээ гээд нэгэн биеийн гишүүн учраас салчихалгүй сонгуульд хамт оролцоод явж байна. МАН-ыг У.Хүрэлсүх чирсээр өдий хүргэлээ. Мугуйд, мулгууг нь тоочоод барахгүй ч сонгуульд намаа нүүр бардам авч орлоо. Нэр дэвшигч нартаа У.Хүрэлсүх “Би та нарын халаасанд 25 хувь хийж өгөөд явууллаа. Та нар дотор азаа үзэх хүн нэг ч байхгүй” гэжээ. Үнэн. Яг ийм нэртэй байсан сонин дээр нь бичдгээс ч үнэн үг. Хурандаа формд дуртай У.Хүрэлсүхийн батальон харин сулхан. Нэгэнтээ Хурандаагийн хэлсэнчлэн “Хулгайч, хүчиндэгч, авилгач, казиночин...” гээд есөн шид нь бүрдэлсэн нөхөд. Гэсэн ч У.Хүрэлсүхийн батальон энэ удаагийн тулаанд илт илүүрхэнэ. Сайн жанжин муу цэрэгтэй байсан ч ялдаг.
Муу жанжин сайн цэрэгтэй байгаад ч ялагддаг. С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам энэ сонгуульд ялж, Ерөнхий сайд болно гэдэгтээ Р.Амаржаргал өөрөө хүртэл итгэхгүй суугаа. Намын даргын сунгаа нэртэй хошин жүжгийн ард мөнгө тарааж намаа авсан С.Эрдэнэ сонгуульд арваадхан хувийн рейтингтэй мөлхөж орсон. Өнгөрөгч дөрвөн жилд УИХ-ын цөөнхийн бүлэг ч үгүй болсон. Адаг сүүлд нь “Ардчилал бол «Ардыг чилээж ал» гэсэн үг” гэдэг онолтой С.Жавхлангаар Ардчилсан намын цоорхойг бөглөлөө. Ардчилсан нам С.Эрдэнээс хойш гишүүдээ байтугай ардыг чилээж алснаа хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Сайн явдал үүгээр жаргаагүй. “С.Эрдэнэ бол төсвийн хулгайч” хэмээн УИХ чуулганы танхимд зарласан О.Баасанхүүгээр бас нэг цоорхойгоо нөхсөн.
Хэлсэн, хэлүүлсэн хоёрын эвлэрсэн зураг хэн хэнийгээ хүлээн зөвшөөрснийг гэрчлэн түүхэнд үлдэнэ. “Хурандаа” У.Хүрэлсүх шиг болчихно гэж санасан уу, С.Эрдэнэ бас л хурандаа формтой зургаа бидэнд үзүүлсэн. Гэлээ гээд гавьсангүй. Тэртээ хорин жилийн өмнө хэд хоног Ерөнхий сайдын алба хашаад “Морь унасан толгойгүй хүн” гэдэг хочтой л үлдсэн Р.Амаржаргал өөрөө сонгуулиар гарах эсэх нь ч эргэлзээтэй. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялахгүй нь тодорхой шиг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргээс сонгогдох нь баараггүй. Харин гишүүд нь голио азаа үзэж яваа. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр хэн хэн хурандаа. Авчиг алд дэлэм ялгаатай.
Б.Батбаяр
Эх сурвалж: baabar.mn