Мэргэжлийн холимог тулааны "ONE Championship" холбооны "ONE Fight Night 18" өдөрлөг өнөөдөр/2024.01.13/ Тайландын Банкок хотын Лампини боксын цэнгэлдэхэд боллоо. Уг өдөрлөгийн хүрээнд монгол тулаанчид болох З.Шинэчагтга, Б.Энх-Оргил нар хүч үзсэн юм.
Эхлээд Б.Энх-Оргил Оросын Артем Белахтай тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор ялагдав. Өдгөө 35 настай Б.Энх-Оргил эхний үед илүүрхэж байсан ч хоёрдугаар үед хүнд цохилтод орж, сэргэлт авч чадсангүй. Дашрамд дурдахад, Б.Энх-Оргил нь "Road to ONE: Mongolia" гэх арван ангит реалити шоуны ялагч болж, "ONE Championship" холбоотой 100 мянган ам.долларын гэрээ үзэглэсэн билээ.
Тэгвэл З.Шинэчагтга дэвжээнээ эргэн ирсэн. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын Чэн Руйтай тулалдаж, ялсан. Харин энэ удаад Өмнөд Солонгосын Квон Вон Илтэй тулалдаж, ялагдлаа. Солонгос тамирчны хувьд эхний үеэс л илүүрхэж, эцэст нь хоёрдугаар үед ялалт байгуулсан юм.