Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна


“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг өчигдөр /2023.10.09/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын хүрээнд явагдсан судалгааны дүнг танилцууллаа.
Тэрбээр, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай бол 21,4 хувь нь цус багадалттай байна. Иймд жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд нэн хэрэгтэй байдаг. Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн зардлыг  2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2020 оноос хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлээр хангаж байна. Гэвч энэ тэжээлийн түгээлт хангалтгүй агаад жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувь нь хэрэглэж байна. Энэхүү хэлэлцүүлэг болохоос сарын өмнөөс хоол тэжээлийн байдлын талаарх судалгааг авч, 700 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг оролцуулсан. Жирэмсэн болон хөхүүл үед хооллох талаар мэдэх үү гэсэн асуултад 50 хувь нь мэднэ, 36,9 хувь нь бага зэрэг мэднэ, 13,1 хувь нь огт мэдэхгүй гэж хариулжээ. Судалгаанд оролцсон ээжүүдийн талаас дээш хувь нь шим тэжээлтэй хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэж чаддаггүй болон хаяадаа л хэрэглэдэг гэжээ. Мөн гурван эмэгтэй тутмын нэг нь жирэмсэн болон хөхүүл үедээ нэмэлт аминдэм хэрэглэж чаддаггүй байна. Өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс үнэгүй олгодог олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг судалгаанд оролцсон 700 эмэгтэйгээс  400 гаруй нь хэрэглэдэггүй гэж хариулжээ. Жирэмсэн болон хөхүүл үедээ эмч, мэргэжилтнүүдээс гурван эмэгтэй тутмын нэг нь л зөвлөгөө авдаг байна. Энэ судалгаанаас харахад жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын байдлын талаарх мэдлэг, мэдээлэл дутуу байгаа нь харагдлаа.  Бидний хэлэлцүүлгийн нэг гол зорилго бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийнхээ дунд аминдэм, хоол тэжээлийн чухал ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм гэв. НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа үг хэллээ. Тэрбээр, 2022 онд тус сангаас жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын талаар хийсэн судалгааг танилцуулав.
Түүний дараа Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого” хэмээх илтгэлийг тавив. Тэрбээр, манай улсын хүн амын дунд хоол тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор нялх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих, бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэх, эрүүл, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх, хоол хүнснээс шалтгаалсан эмгэгийг бууруулах чиглэлээрх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хүүхдийн бие махбодь, оюун санааны хөгжлийг хангагч гол хүчин зүйл болсон хоол тэжээлийн байдлыг сайжруулах үйл ажиллагаанд мөрдлөг болгох зорилгоор “Нялх балчир хүүхдийг хооллох заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/481 дүгээр тушаалаар, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих “10 алхам”-ыг хэрэгжүүлэх зааврыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/290 тушаалаар тус тус батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хүүхдэд зориулсан 10 төрлийн аминдэм, таван эрдэс бодис агуулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг 6 сараас 2 нас хүртэлх хүүхдэд болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд уухаар өрх, сумын эрүүл мэндийн байгууллагуудын төсөвт нэг хүүхдэд 6000 төгрөг, нэг эмэгтэйд 6600 төгрөгийг орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын төсөвт суулгасан. “Өргөн дархлаажуулалтын 10 хоног" аяныг жил бүрийн 5 ба 10 дугаар сард тогтмол зохион байгуулж, уг арга хэмжээний хүрээнд тав хүртэлх насны буюу 6-59 сартай хүүхдэд өндөр тунт А аминдэмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу түгээж байна. Өндөр тунт А аминдэм, Д аминдэмийн бэлдмэл хэрэглээ, түгээлтийн асуудлыг тусгасан “Аминдэм, эрдэсийн бэлдмэл хэрэглэх заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/490 дүгээр тушаалаар батлан, хэрэгжүүлж байна гэх зэргээр танилцуулж, хүүхдийн эрүүл мэнд, эхийн сүүгээр хооллолтын байдал, бага насны хүүхдийн хоол тэжээл зэрэг асуудлуудыг хөндлөө.
Хэлэлцүүлгийн хоёрдахь илтгэлийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан танилцуулав. Тэрбээр “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдвийн хүрээнд ярьсан. Тухайлбал, зөв, зохистой хооллолт гэдэг нь хоногт хэрэглэж байгаа хоолны илчлэг нь бие махбодын зарцуулсан илчлэгийг нөхөж байх, хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисууд нь бие махбодын хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хэмжээ, харьцаатай байх, улмаар тодорхой дэглэмтэй, нас, хүйс, байгаль, цаг уур, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хооллохыг хэлнэ. Жирэмсэн болон хөхүүл үед илчлэг, эрдэс аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг. Шим тэжээллэг хоол, хүнс байнга хэрэглэж дадах нь ургийн хөгжил хэвийн явагдах нөхцөлийг хангана гээд зөв хооллолтын талаар зөвлөмжийг танилцуулсан.
Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилэв. Цахимаар оролцож буй жирэмсэн болон хөхүүл эхчүүд холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Завхан аймгаас оролцож байгаа жирэмсэн эх, төрөхийн өмнө, төрсний дараа олгодог 40, 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх боломжтой эсэх, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч, олон найрлагат бичил тэжээлийг жирэмсэн эхчүүдэд олгох ёстой атал хүрэлцэхгүй байна, нэмэгдүүлэх талаар шийдэж өгөөч гэв. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны жирэмсэн эх, жирэмсэн үед өрхөөс витамин уух талаар зөвлөөгүй, анх удаа л сонсож байна, Баянхонгор аймгийн жирэмсэн эх, жирэмсэн үед жимс, жимсгэнэ идэх зөвлөгөө өгдөг боловч, импортоор орж буй жимс, жимсгэнэ баталгаагүй учраас ямар бүтээгдэхүүнээр орлуулах вэ, төрсний дараах эхчүүдэд А амин дэмийг яагаад  өгөхөө больсон бэ гэх зэргээр асуув.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, жирэмсэн болон төрсний дараах энэхүү тэтгэмж нэг хүнд оногдохдоо үнэхээр бага гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нийт дүнгээрээ тооцохоор улсын төсөвт нэлээн жин дарж байгаа. Ер нь бол эх, хүүхдийн хоол тэжээл, сургуулийн хүүхдийн үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх талаар чамгүй хэлж, ярьж явна. Сургуулийн хүүхдийн үдийн хоолны зардал 500 төгрөг байсныг 1500 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Сургуулийн захиргаа түрээсийн гал тогоо ажиллуулахгүйгээр өөрсдөө мэргэжлийн хүмүүсээ бэлдэж, гал тогоогоо ажиллуулж, зардлаа хэмнэх болсон.  Нийгмийн асуудлыг чухал, чухал бус гэж ялгах ёсгүй, ялангуяа эх, хүүхдийн асуудал хамгийн чухал сэдэв юм гэв.
Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, тухайн орон нутгийн Эрүүл мэндийн төв эм ханган нийлүүлэх байгууллагуудад олон найрлагат бичил тэжээл авах хүсэлтээ өгч, худалдан авалтаа хийх ёстой. Энэхүү худалдан авалтаа зохих журмын дагуу хийгээгүй учраас олон найрлагат бичил тэжээл хүрэх ёстой хүндээ очиж чадахгүй асуудал үүсч байна. Цаашид эм ханган нийлүүлэх байгууллагад нэгдсэн журмаар хандаж,  бичил тэжээлийг худалдан авч, тараах бодлогыг баримталж байна. Төрсөн эхчүүдэд А аминдэм онцын шаардлагагүй гэж үзсэн байгаа. Харин 0-5 насны хүүхдүүдэд жилд 2 удаа А аминдэмийн түгээлт хийж байна. Энэ зардлыг НҮБ-ын Хүүхдийн сан санхүүжүүлж ирсэн. Ер нь бол цаашид төсөвт хөрөнгийг суулгах ёстой гэв.
АШУҮИС-ийн дэд профессор Д.Мөнхцэцэг, жирэмсэн эхчүүд хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Манай жирэмсэн эхчүүдийн 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн эхний гурван сар, дунд гурван сар, сүүлийн гурван сар болон төрсний  дараах хэрэглэх чанартай олон найрлагат аминдэмүүд орж ирж байна. Гагцхүү зөв цаг хугацаанд нь зөв уух хэрэгтэй юм.  Жирэмсэн үед заавал хэрэглэх төмрийн бэлдмэл, полийн хүчил, кальци гэсэн хэдхэн аминдэм бий. Эдгээр аминдэмийг давхар хоол хүнсээрээ авч болно. Гэтэл  зарим жирэмсэн эхчүүд сүү уухгүй, ааруул ч идэхгүй байна. Эхчүүд цадталаа идэх биш, чанартай, зөв хооллолтод суралцах хэрэгтэй юм. Буруу  хооллолтоос болж эхчүүдийн ихэнх нь хоол боловсруулах эрхтний эмгэгтэй байгаад анхаарах шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарыг чадавхжуулах, жирэмсэн болон төрсний дараах эхчүүдийн аминдэмийн талаарх ойлголт ямар байгаа тухай судалгаа гаргах, нэгдсэн мэдээллийн албаны цахим хуудас нээх зэрэг саналыг гаргав. Мөн НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн. Нэн удахгүй Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн баригдана. Иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх талд анхаарч, хуульчлахаар болсон нь эрүүл мэндийн салбарт хийх чухал шинэчлэл юм гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ