Дундговь аймгийн ЗДТГ, Мора ТББ болон “Мора жи эй” групп хамтран “Хүнс хөдөө аж ахуй, хүнсний ногоо, хүлэмжийн бизнесийн ирээдүйн чиг хандлага, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх гарц- Япон орны туршлагаас” сэдвийн дорсанал солилцох уулзалт, сургалт зохион байгуулав.
Тус сургалт, уулзалт нь Дундговь аймаг болон “Мора жи эй” группийн хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд болж буй анхны ажил юм. Тодруулбал, 6 дугаар сарын 22-нд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Япон Улсын хөрөнгө оруулалттай “Мора жи эй” группийн төслийн санаачлагч, зөвлөх Ёкозүми Ёшиюки нар “Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр санамж бичиг байгуулж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн цөлжилтийг сааруулах, говийн хөрсний үржил шимийг сайжруулах, хүнсний ногооны төрөл сортыг нэмэгдүүлэх, өндөр сортын ногоо, жимс тариалах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллахаар болсон.
“Хүнс хөдөө аж ахуй, хүнсний ногоо, хүлэмжийн бизнесийн ирээдүйн чиг хандлага, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх гарц- Япон орны туршлагаас” сэдэвт сургалт, санал солилцох уулзалтад 15 сумын хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцжээ. Сургалт, уулзалтын үр дүнд шинэ сорт болох шар тарвас, торлог амтат гуаны туршилтын тариалалтыг Сайнцагаан сумын өвлийн Нарлаг хүлэмжид хийхээр лабораторийн шинжилгээнд хамруулах, чанарын шаардлага хангасан үр нийлүүлэхээр болжээ. Мөн хөрс сайжруулах ургамлын тариалалтыг Луус суманд туршихаар төлөвлөсөн байна.