Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын төр даргын суудлыг эрвээхэй шиг дамждаг “эрх жаал”-уудтай болчихжээ


Саяхныг хүртэл “...Төрийн албаны мерит зарчим” гэж ярьдаг байж билээ. Хууль ч гаргасан. Гэвч мөрддөггүй. Мэргэжил, туршлага шаардсан чухал албан тушаалуудад “улс төрийн томилгоо” явчихдаг. Яг үнэндээ, ялсан нам, мандсан дарга нарын мэддэг хүмүүс томилогддог.
Сүүлийн нэг, хоёр жилд “...Үүнийг мөрдүүлнэ” гэж маш их ярив. Аанай л хэвээрээ... Сүүлд Засгийн газар “Шүүр” ажиллагаа хэрэгжүүлж эхэллээ. “...Жинхнээсээ цэвэрлэх нь дээ” гэж харж байв.
Гэтэл төрийн жирийн албан хаагчдыг л голдуу “шүүр”-дээд, даргын суудалд тухалсан “хог”-нуудыг үлддэг болов. Ийм шүүмжлэл ихээхэн яригдаж байна. Жишээ нь ч хаа сайгүй...
Үүнээс ч дор явдлууд төрийн томилгоонд явдаг боллоо. Өчигдөр нэг хачин мэдээ сонслоо. ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “...Хууль нь ажиллах боломж олгосонгүй” гээд Шадар сайдад чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ залуу хэдхэн сарын өмнө Хөгжлийн банкны захирлын ажлаа яг ингэж өргөдлөөр өгсөн. Тэндээс явахдаа “...Хөгжлийн банк цаашдаа энэ тогтолцоогоор явах боломжгүй” гэж хэлсэн. Хүмүүс үүнийг анзаараагүй л дээ. Уг нь түүний хэлсэн нь үнэн. Яг энэ тогтолцоогоор захирал нь шоронд ороод л дуусна. Өөр арга байхгүй. Гэхдээ Н.Мандуулын тухайд Хөгжлийн банкны захирлаар томилогдоод л мандсан. Засгийн газар, хэвлэлүүд ханатал дэмжиж байсан учраас түүний хэлсэн ярьсан бүхэн олон нийтэд төвөггүй хүрч, олны танил болж чадсан. Тиймээс Хөгжлийн банкнаас явахад нь “...Хаашаа очих нь вэ” хэмээн харж байсан юм. Тэрбээр ШӨХТГ-т очсон. Гэхдээ удсангүй буцлаа. Тэгэхээр Н.Мандуулынхаар бол өөрийг нь шилжүүлж томилсон Засгийн газар таалалд нь нийцсэн эрх зүйн орчныг бий болгох хуулийн төсөл санаачилж, УИХ түүнийг нь батлах ёстой бололтой. Энэ залууд хэн гэдэг дарга нь тэгтлээ их өр тавьчихсан юм, бүү мэд. Магадгүй, Н.Мандуул одоо “...Тэнд дарга болно” гээд хэн нэгэнд эрхлээд сууж байж ч мэдэх юм.
Н.Мандуулын өмнө ШӨХТГ-ын дарга байсан С.Мөнхчулуун “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор томилогдсон. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байсан. С.Мөнхчулуун шаардлага хангасан эсэхийг, сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэхийг тодорхой болгох шаардлагатай. Ер нь С.Мөнхчулуун энэ албан тушалд сонгогдсон уу, томилогдсон уу. Энэ их чухал. Учир нь хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Монгол”-ын 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан. Голдуу менежерийн ажил байв. Ажилд орох хүсэлтэй мянга мянган залуус бүртгүүлж, өрсөлдсөн. “...Давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1215 хүн оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгсөн” гэсэн албан мэдээлэл байдаг. Тэгэхээр С.Мөнхчулуун энэ ажилд яагаад очсоныг “сонирхох” хэрэгтэй байгаа юм. Тийм шалтгаан бий. Дөрвөн жилийн өмнө Хотын даргад өрсөлдөж, одоогийн Шадар сайд С.Амарсайхантай дээр дороо орж явсан С.Мөнхчулуун тахимаа өгснөөсөө хойш албан тушаалаас салахгүй л яваа нь үнэн. Тэр үед тээг болоогүйнхээ шагналыг авсаар яваа гэсэн хардлага байдаг. Тэгэх ч ёстой.
Бас нэг томилгооны мэдээ өчигдөр түглээ. “Монголын төмөр зам” компанийн захирлаар Б.Отгонсүхийг томилжээ. Б.Отгонсүх нь 2016 оноос Нийслэлийн Засаг даргын орлогчоор нэлээд дуулиан, хэл амтайдуу ажиллаж байв. Тэгж байгаад Хотын гаалийн дарга болсон. Дараа нь Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилогдсон. Тэндээсээ буцаж ирээд удалгүй ажлаа өгсөн. “...Гаалийн байгууллагын удирдлагууд өөрчлөгдөж, Засгийн газрын “5Ш”-ийн “Шүүр”-ийг хэрэгжүүлэхэд Б.Отгонсүх өртчихлөө” гэж яригдаад өнгөрсөн. Тэр утгаар нь харвал, түүнийг “шүүр”-дүүлсэн даргыг шүүрч аваад, бүр томруулаад томилчихсон болж таарна. Хамгийн гол нь “Монголын төмөр зам” компани бол стратегийн хувьд хөгжлийн гол зангилаа болсон аж ахуйн нэгж шүү дээ. Гэтэл Б.Отгонсүх өмнө нь 2017-2019 онд “Эгийн голын УЦС”-ын төслийн захирлаар ажиллаж байсан. “...Түүнийг хариуцаж байхад тэр төсөл хэр урагшилсан бэ” гээд ухаад, асуугаад байвал хачин л юм болно. Олигтой дуулддаггүй л юм. Шулуухан хэлэхэд, “...П.Ганхүүг Б.Отгонсүхээр солиод “Монголын төмөр зам”-ын ажил мандана гэвэл худлаа” гэж мэргэжлийнхэн нь яриад байна. Үнэн бол энэ залуу бас л хэн нэгний залуур, татаасаа албан тушаалд заларч явдаг байж мэдэх юм.
Ер нь тэгээд, яасан ядарчихсан, боловсон хүчний хомсдол нүүрлэчихсэн төр гэхээрээ иймэрхүү хүмүүсээ ингэж албан тушаал “сэлгүүлээд” байдаг юм, бүү мэд. Хамгийн гол нь эднийг албан тушаал сэлгүүлэхдээ хуульчийг эмчээр сольж байгаа шиг л хаа хамаагүй ажлуудад даргаар томилно. Товчхондоо, Монголын төр даргын суудлыг эрвээхэй шиг дамждаг иймэрхүү “эрх жаал”-уудтай болчихжээ. “...Хэрэв жагсаалт гаргавал энэ гурваар тогтохгүй” гэдгийг эх сурвалжууд яриад л байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ