Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө. Улс орон даяар 800 оноо авсан хүүхдүүдийг зураг хөрөгтэй нь цахим орчинд байршуулан, сайшааж байна. Юуны учир вэ. Тэд 12 жил суралцаад өөрийнхөө хэрхэн юуг ямар хэмжээнд сурсан мэдсэнээ л дүгнүүлж, тус тусын үнэлгээгээ авсан, өөр юу ч байхгүй. Үүнд хөөр баяр болох ямар ч хэрэг байхгүй. Тэд хийх ёстой зүйлээ л хийсэн. Үүнээс гадна удаа дараа хонхны баяр үргэлжилсэн сар ард үлдэх нь. Хонхны баяраар энгэр дүүрэн одон медалтай сурагчид түүнийгээ ихэд бахархангуй харчигнуулж явааг харахад дэндүү өрөвдөлтэй.
Эцэг эх нь хойно өмнө нь бөхөлзөж, одон тэмдгийг нь өргөж дэмнэж явааг харахад бүр ч гунигтай. Тэр одон тэмдэг дунд олимп, Ази, дэлхийн аваргын медаль гэж байхгүй. Байлаа ч тэр нь өдрийн од шиг байж таарна. Тэнд дүүргийн аварга шалгаруулах сагсан болон гар бөмбөг, дүүргийн олимпын медаль л бий. Нэг сургуульд хуруу дарам хүүхдийн энгэрт нийслэлийн болон улсын олимпиадын медаль бий. Магадгүй сургуулийн аварга шалгаруулах тэмцээний медаль бол маш олон байгааг нуух юун.
Үүнд ямар нэг санаа оноо агуулсангүй. Бидний ирээдүй зөвхөн одон тэмдэг, магтаал сайшаалын төлөөх ертөнц рүү өөрийн эрхгүй алхаж байгаад л хамаг учир бий.
Тухайн хүүхэд энгэртээ зүүсэн тэмдгэндээ ихээхэн ач холбогдол өгч байгаад л учир байна. Түүнийг нь өөрөөс нь илүү бөөцийлж байгаа эцэг эхчүүдэд учир байна. Ямар ч хэрэггүй энэ шагнал урамшууллын нөхцөлийг бүрдүүлэн алга ташиж байгаа улс орны эрх мэдэлтнүүд, салбар яаманд байна. Дунд сургуульдаа медаль тэмдгэнд дарагдаж өссөн хүүг оюутны амьдрал угтана.
Хүү өнөөх л шагнал урамшуулал одон тэмдгийн төлөө сурна. Оюутны жилүүдэд одон тэмдэг чамгүй олдож таарна. Ингээд ажил амьдралын захад хөл тавихад юу болох вэ. Зөвхөн шагнал урамшуулал, одон тэмдгийн төлөө сурч хөдөлмөрлөсөн нэг иргэн бэлдэж байна гэсэн үг. Цэцэрлэгийн наснаас нь эхэлж одон тэмдэг тараах болсон энэ үед оюуны ширээний араас гарсан нөхөр лавтай 15 жил одон тэмдгийн төлөө сурсан байж таарна. Ийм системээр сургасан иргэн улс оронд чухам юу хийх вэ. Тэгэхээр төрөөс энэ тал дээр анхаарч хүүхэд багачуудыг төмрөөр булахаа зогсоох зайлшгүй шаардлага байна. Эцэг эхчүүдийн хувьд ч энэ тал дээр хүүхдээ өргөж урамшуулах хэрэггүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН