Дундговь аймгийн Хулд сумын нутагт эртний номын их мэргэдийн бясалгал, даяан хийж байсан түүхэн улбаа, ул мөрийг хадгалж үлдсэн нэгэн агуй буй. Тэр бол Хулд сумын төвөөс зүүн тийш 40 орчим км-т, Шувуутай багийн нутагт байх Шарангадын тээгийн агуй юм.
Агуйн хананд байгаа бичээс нь төвөд болон уйгаржин монгол бичгээр хар бэх ашиглан бичсэн бурхан номын тарни үсэг, шүлэг дуулал бөгөөд агуйн хананы хойд хэсэгт байх бурхны шашны мэгзэм хэмээх 5 шад хураангуй номыг 4 шадаар бичсэн байгааг судлаачид тогтоож, "энэхүү агуйд даяан хийж, энэ бүгдийг үлдээсэн бичгийн хүн 18 дугаар зууны сүүлийн хагаст амьдарч байсан" хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг.
Тус агуй үүдэн хэсэгтээ 12 м өндөр, 3 метрийн өргөнтэй, голдоо 10 м хэмжээтэй аж. Агуйн хананд бурхан багшийн зүрхэн тарни, маанийн үсэг, залбирал, мэгзэмийг төвд, монгол бичгээр бичсэнээс гадна бурханы мөргөл, залбирлыг толгой холбон бичсэн онцлогтой дурсгал ажээ.
1995-1998 онд УИХ -аас “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль”-д зарим өөрчлөлт оруулж, шинээр хийсэн археологийн хайгуул, малтлага судалгааны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор “Улс аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ. Уг жагсаалтад “Хулд сумын Шарангадын нүхэн гэдэг газар орших монгол бичигтэй агуй” гэх үл хөдлөх дурсгал багтаж, аймгийн хамгаалалтад оржээ.