Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Амартүвшин: Цэвэр барууны идеологитой нам байгуулна



Комедиан Д.Амартүвшин Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Монголын Либертари нам" гэх улс төрийн намын нэрээ баталгаажуулж авсан билээ. Тэгвэл түүнтэй намынх нь үзэл санаа, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
-Намын нэрээ авлаа шүү дээ. Хэзээнээс нам байгуулахаар болов, шалтгаан нь юу байв?
-Нам байгуулахыг бараг гурав, дөрвөн жилийн өмнөөс ярилцаж, үзэл баримтлал, үнэт зүйлүүдээ бичиж байсан юм. Яг яагаад нам байгуулахаар болсон гэхээр манай Монголд байгаа намууд дүрэмдээ барууны сайхан нам гэж биччихээд бодлого төлөвлөж, засгийн эрх авахаараа эсрэгээрээ зүүний бодлого явуулдаг. Зарим тохиолдолд зүүн төвийн намыг зүүн талаар нь гүйцэж түрүүллээ гэж ярьдаг шүү дээ. Сүүлийн үед байгуулагдаж байгаа барууны намууд намын үзэл баримтлалаа цэвэр барууны чиг баримжаагаар хийхгүй байна уу гэж хараад байгаа юм. Яг идеологийн үзэл баримтлалаа тууштай баримталдаг нам байх ёстой юм байна. Ингэж баримталж болдог гэдгийг үзүүлэх үүднээс идеал маягийн нам байгуулах зорилготой намаа байгуулахаар зориод явж байна.
-Намаа дан ганц өөрөө байгуулна гэхгүй байх. Хамтарч байгаа иргэд олон нийтийн төлөөлөл бий юу, хууль эрх зүйн мэргэжилтнүүд хэр их байна вэ?
-Яг тийм. Би арай илүү олонд танигдсан болохоор нүүр царай болоод явж байгаа. Миний цаана арав гаруй залуу бий. Яг энэ үзэл санаагаар маш олон жил тууштай явж байгаа Мөнхбат, Хасар, Оргил, Билгүүн зэрэг олон залуу байгаа. Биддөрвөн жилийн өмнөөс нам байгуулъя гээд яриад явж байсан. Мөн хуулийн баг байгаа. Манай хуулийн багийнхан Дээд шүүхэд намаа бүртгүүлэх бүх хуулийн ажлыг хийж байна.
-Олон нийтэд намынхаа үзэл баримтлалыг товчхон тайлбарлавал?  
-Манай нам бол цэвэр барууны идеологитой нам. Ер нь, барууны намуудын хөтөлбөрүүдийг бүгдийг нь дэмжинэ. Товчхон хэлэхэд, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг л дэмждэг байх болно.
-Улс төрийн намуудад иргэд итгэх итгэлгүй болчихсон энэ үед танай намаас олон нийт юуг хүлээх вэ?
-Манай намууд үнэт зүйл, үзэл баримтлал идеологи байхгүй. Эсрэгээрээ эрх ашиг дээр суурилсан намын бөөгнөрөл болчхоод байна. Тиймээс иргэд итгэхээ больж байна. Ам нээхээрээ л албан тушаал, мөнгө төгрөг ярьж, хэн хэнийг, хаана томилох юм гэдэг. Бодлого ярихаар намынх нь дүрэмд байгаа барууны ч юм уу, зүүний идеологи нь байхгүй болчихсон байдаг. Аль хэдийнэ тэрийгээ хогийн сав руу шидчихсэн. Гэсэн хэр нь албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн, баруун солгойгүй авлигал авсан хүмүүс болоод байна. Иргэд ийм хүмүүсээс залхаж байгаа учраас л нам байгуулах хамгийн том үндэс суурь бий болсон.  Манай намаас юу хүлээх вэ гэхээр манай нам цэвэр үзэл санааны буюу идеологийн нам байна. Яг цэвэр барууны үзэл баримтлалаа барьдаг нам байна. Иргэд олон нийт юу гэж бодох нь хамаагүй. Олон нийт ихэнх нь ойлгохгүй байна. Барууны үзэл олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй гэх нь бидэнд огт хамаагүй. Гол нь бид барууны үзлийг олон нийтэд сурталчилж, энэ үзэл яагаад Монгол орныг хөгжүүлэх юм гэдгийг иргэдэд тайлбарлан, сургалт, сурталчилгааг өөрсдийн бүх боломж нөөцөөр хийнэ. Барууны үзэл, төрийг хязгаарлана гэдэг өөрөө авлигыг үгүй болгодог гэдгийг л олон нийтэд ойлгуулахын тулд манай нам ажиллана.
-Одоогоор намд элсэх иргэдийг бүртгэж авч байна шүү дээ. Гишүүнчлэлийг хэрхэн хийж байна, иргэд олон нийт хэр дэмжиж байх шиг байна?
-Одоохондоо намын дэмжигчдийг бүртгэж байгаа. Хуулиараа 800 хүний гарын үсэг цуглуулж намаа бүртгүүлэх ёстой шүү дээ. Яг нам бүртгэсний дараа намын гишүүнчлэлээ ямар байх, дүрэм журам, хэдэн төгрөгийн татвартай байх гэдэг зүйлийг тодорхой болгоно. Тэгээд маш олон хүн дэмжиж байна. Би ийм олон хүн дэмжинэ гэж төсөөлөөгүй байсан. Ингэж их дэмжиж байгаа нь иргэд энэ хоёр намд хоёуланд нь итгэхээ больчихсон байна шүү дээ. Хоёулаа л байнгын авлига албан тушаалтай холбогдож байдаг. Хоёулаа байнга популизм хийж, хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж байдаг. Хэзээ ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй. Тэгэхээр энэ хоёр намд итгэхгүй байгаа хүмүүс учраас л ингэж их дэмжлэг байна гэж бодож байна.
-Нэгэнт намын нэрээ авсан, гишүүдээ бүртгээд эхэлчихсэн юм чинь мэдээж Дээд шүүхэд бүртгүүлнэ. Дээд шүүхэд бүртгүүлэх процессыг хэрхэн харж байна вэ?
-Манай хуулийн багийн залуучууд өмнө нь нам Дээд шүүхэд бүртгүүлж байсан туршлагатай. Тиймээс хууль зүйн үүднээс нь бүх зүйлээ бүрдүүлээд, туршлага байгаа учраас туршлагынхаа дагуу хууль номоор хийгээд явна. Миний хувьд ямар нэгэн саад бэрхшээл учирна гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл бидэнд туршлагатай хүмүүс байгаа учраас санаа зовохгүй байна.
-Дээд шүүх бүртгэж авлаа гэхэд дараагийн зорилго, зорилт нь юу байна вэ?   
-Дээд шүүх бүртгэж авах юм бол бид үзэл санааны нам учраас үзэл санаагаа олон нийтэд түгээх ажил руу орно. Олон нийтэд сургалт явуулна, үзэл санаатайгаа холбоотой контентуудыг хийж, нийгэмд болж байгаа тодорхой үйл явдлууд дээр баруун талаас нь, либертари өнцгөөс нь хүмүүст тайлбарлаж, таниулж, ойлгуулна. Олон нийтийн янз бүрийн буруу ойлголтыг засаж өгөх гэдэг ч юм уу. Олон нийтийг илүү гэгээрүүлэх, илүү либертари үзлээ хүмүүст ойлгуулах тал руу үйл ажиллагаагаа явуулна. Хүмүүсийн бодлоор шууд юу юугүй сонгуульд орох талаар бодоод байх шиг байна. Бид 2024 оны сонгуульд орохгүй ч байж магадгүй гэж бодож байгаа.
-Ирэх жилийн сонгуулиас өмнө Дээд шүүхэд бүртгүүлж, сонгуульд орж амжих болов уу?
-Ер нь, иргэд үзэл баримтлалтай болох үзэл баримтлалыг ойлгох гэдэг нь өөрөө маш их цаг хугацаа шаардсан асуудал байдаг. Бидний хувьд үзэл санаагаа таниулах нь чухал гэж бодож байна. Энэ сонгуулиар орж ч магадгүй. Хэрвээ Дээд шүүх бүртгэхгүй энэ сонгуулиар орохгүй байх юм бол нэг их санаа зовохгүй байгаа. Гол нь бид үзэл санааны идеологийн нам. Хүмүүст ийм зүйл байж болдог юм. Үзэл санаагаараа явдаг нам байж болдог гэдгийг харуулах нь хамгийн чухал зүйл. Түүнээс дөнгөж байгуулагдаж байгаа манай нам сонгуульд орлоо гэхэд тийм олон хүний дэмжлэг авна гэж бодохгүй байна. Асуудалд бодитой хандах хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид илүү сургалт, сурталчилгаа, либертари үзлээ таниулах, барууны үзлийг иргэдэд ойлгуулах нь чухал юм байна. Цэвэр үзэл санаагаа барьдаг, сурталчилдаг, үзэл санааны дагуу бодлогоо гаргаж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг, зүүний популизмаас хол нам байхын төлөө л хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2023/06/27/politic/qzz
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ