Дархан хотын нэгэн орон сууцны дээвэр дээр ангир шувуу өндөглөжээ. Хэд хоногийн өмнө шаазгай, хэрээ зэрэг шувууд ангирын "гэр бүл" рүү дайрснаас үүдэж, дэгдээхэйнүүд нь газарт унасан байна.
Газарт буусан дэгдээхэйний заримыг хүүхдүүд тэжээхээр авч явсан байсныг иргэн Ж.Ган-Эрдэнэ цуглуулж, Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдтэй хамтран эхтэй нь хамт байгальд нь тавих ажлыг хийжээ.
Энэ талаар Ж.Ган-Эрдэнээс тодруулахад, "Манай байрны дээгүүр ангир дуугаралдаад байсан. Цонхоороо хартал хэрээ, шаазгай зэрэг махчин шувуудтай тэмцэлдээд байгаа юм шиг дүр зураг харагдсан. Тэгээд харж байтал таван давхрын дээвэр дээрээс жижигхэн, жижигхэн юмнууд унаад байсан нь дэгдээхэй байж. Зарим дэгдээхэйг нь хүмүүс авч яваад байхаар нь гарч очсон. Намайг очиход зургаан дэгдээхэй л үлдсэн байсан. Дэгдээхэйг авч явсан айлуудаас буцааж цуглуулаад 13 болгосон. Байгаль орчны мэргэжилтнүүдийг иртэл тэнэмэл муур, нохойг хөөгөөд, эднийг байж байлаа. Дээвэр дээр хоёр ангир байсан. Хүмүүсийг холдохоор нэг нь газарт буугаад дэгдээхэйнүүдийнхээ хажууд ирсэн" гэж ярив.
Дархан сумын тавдугаар багийн нутагт 60 айлын орон сууцны дээвэр дээр өндөглөсөн ангир шувууг 13 дэгдээхэйнийх нь хамтаар зөөвөрлөн Хараа голд тавьсан байна.
Хондон ангир нь нүүдлийн шувуу бөгөөд хавар эрт дөрөвдүгээр сард Монгол оронд нүүдэллэн ирж, намар есдүгээр сард буцдаг байна.
Зарим нутагт ангирыг “лам шувуу” гэж нэрлэн агнахыг цээрлэдэг. Энэ шувуу нь маш сайн сэлдэг бөгөөд ихэвчлэн хадны хонгилд үүрээ засаж, өндөглөдөг аж.