http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо


Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутгийн зөвлөлүүд нь тухайн нутаг орноос төрсөн улстөрчид, бизнесмэнүүд, эрдэмтэд, соёл спортын алдар нэртэй эрхмүүдийг удирдлагадаа оруулдаг. Тэгээд тэднээр дамжуулан төрөлх нутагтаа туслалцаа үзүүлдэг. Ийм систем юм. Сүүлийн жилүүдэд улстөрчид Нутгийн зөвлөлүүдээр дамжиж амжилтад хүрдэг болсон. Тиймээс, Нутгийн зөвлөлийн удирдлагыг гартаа авах гэж хоорондоо өрсөлдөж, тэмцэлдэх нь бий. Ийм жишээ олон аймаг сумын Нутгийн зөвлөл дээр гарч байв. Сүүлдээ, өрсөлдөөд барахгүй бол өөр Нутгийн зөвлөл ч байгуулдаг болжээ.

Ийм явдал Дундговь аймгийнхад болсон байна. Тодруулбал, Дундговь аймгийн Улаанбаатар хотод оршин суудаг нутгийн уугуул иргэд, тус аймгаас төрөн гарсан нэр бүхий эрдэмтдийн санаачилгаар 1998 онд “Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” нэртэй НҮТББ-ыг байгуулжээ. 27 жилийн өмнө гэсэн үг.

Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Гэтэл, өнгөрсөн 2024 оноос “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” нэртэй байгууллага гарч ирээд үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Тус аймгийн гаралтай зарим улстөрчид голдуу хүмүүс энэ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байгаа юм. Тэгээд “…Бид Дундговийн Нутгийн зөвлөлийнхэн байна” гэж хурал хуй зарлаад, удирдлага сэлтээд томилж сонгоод нэлээд ажил болсон байна. Хамгийн гол нь Дундговийн иргэд “…Хоёр Нутгийн зөвлөлийн аль нь жинхэнэ вэ” гэдгийг ойлгохоо больж төөрөлдөөд эхэлжээ. Тиймээс 1998 онд байгуулагдсан “Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-өөс УБЕГ-т “…Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулъя” хэмээн хандсан байна. Тэд “…Бидэнтэй зэрэгцээд ижил нэртэй өөр нэг ТББ шинээр бүртгүүлж, “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь олон нийтэд “…Хоёр ижил нэртэй байгууллага байна” гэх төөрөгдөл үүсгэж, манай байгууллагын нэр хүнд, олон жилийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.8 дахь заалт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол баталгаажуулахгүй гэж заасныг зөрчсөн байх тул “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын нэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ. Үүний дагуу УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хяналт шалгалтыг хийсэн байна.

Ингээд Хяналтын Улсын байцаагч Ц.Отгонцэцэг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Хуулийн этгээдийн оноосон нэр давхардсан зөрчлийг арилгуулах тухай 18 тоот шаардлагыг гаргажээ. Түүндээ “…Шалгалтаар 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын оноосон нэрийн баталгаажуулалт хийсэн байна.

Энэ нь Иргэний хуулийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоо батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т зааснаар “…Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1-д “…Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.8-д “…Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг тус тус зөрчиж, оноосон нэрийг давхардуулан бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх хэсэгт “…Хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах” гэж, мөн зүйлийн 18.9-д “…Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж, мөн “…УБЕГ-ын даргын 2021 оны А/241 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 15.1-д заасныг тус тус баримтлаад 7012177 регистийн дугаартай Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл” НҮТББ-ын оноосон нэрийг өөрчлөх замаар улсын бүртгэлийн зөрчлийг арилгуулахыг шаардаж байна” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ингэж УБЕГ-аас “Улаанбатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг хүчингүй болгосноор Дундовийнхны төөрөгдлийг арилгалаа.


Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ