Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойн салбарын 100 жилийн ойг угтан баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн холбогдох талууд оролцсон зөвлөгөөнийг Баянхонгор хотод зохион байгууллаа. Тус зөвлөгөөн тэрбум модны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, баруун аймгуудын төлөвлөлт, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл түгээх, иргэдийн мод тарих, ургуулах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх зорилготой.
Зөвлөгөөнийг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар үг хэлэв. Зөвлөгөөнд Ойн салбарын мэргэжлийн холбоод, хил хамгаалах ерөнхий газар, дээрх аймгуудын газар нутагт мод тарихаар төлөвлөөд буй үндэсний томоохон ААН-үүдийн төлөөлөл болох “Эрдэнэт үйлдвэр” УТҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-ууд болон “Соусгоби Сэндс” ХХК, “СИ ТҮ ТРИЙ” ХХК-ийн төлөөлөгчид оролцсон байна. Мөн үеэр орон нутгийн засаг захиргаа болон иргэд, ААН-үүдтэй хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцож, өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, иргэн талуудын хамтын ажиллагааны тухайд хэлэлцүүлэг өрнүүлж, аймгууд хоорондоо сайн туршлагаа хуваалцжээ.
Зөвлөгөөнд оролцогчид Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүс, Сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газар, Эрдэнэмандал хайрхныг ойжуулах ажлын үйл явцтай танилцсан бөгөөд мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Шинэ суурьшлын бүсийн мод үржүүлгийн газарт 6:20 хэмжээтэй хүлэмж, модны нүх ухагч зэрэг 18 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.