Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор "Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөн боллоо.
Анхдугаар зөвлөгөөний нээлт өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхэллээ. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 22 сум, 1 тосгоны Засаг дарга болон аж ахуй нэгжийн 10 гаруй төлөөлөл, 128 багийн 180 гаруй иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал нар оролцов.
Хөвсгөл аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Үүнээс 400 гаруй иргэн газар тариалан, 220 гаруй иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.
"Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөн бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд аравдугаар сарын 10-с арваннэгдүгээр сарын 1-г дуустал үргэлжилнэ.