Аймгийн Хараагүйчүүдийн холбооноос санаачлан Насан туршийн боловсрол төвтэй хамтран харааны бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхэнд зориулсан брайл үсгийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ. Эхний удаад Баяндэлгэр, Уулбаян, Сүхбаатар суманд сургалт хийхээр сонгосон байна. Учир нь тус сумдад сургуулийн насны харааны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг аж.
Сургалтыг хараагүйчүүдийн холбооны тэргүүн Т.Золзаяа гардан явуулж буй бөгөөд гурав хоног үргэлжлэх сургалтад тус сумдын насан туршийн боловсролын төвийн багш нарыг хамруулж байна. Ингэснээр дээрх хүүхдүүд багшаар дамжуулан суурь боловсролоо нөхөн эзэмших боломж бүрдэнэ гэж үзжээ.
Аймгийн Засаг даргын2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн, Зорилтот бүлгийн иргэдэд суурь боловсрол олгож, шаталсан сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх заалтын хүрээнд дээрх ажилд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Уг ажил цаашид үргэлжлэх аж.