Булган аймгийн цагдаагийн газар “Мотоцикл ба хамгаалах малгай” нэгдсэн арга хэмжээг нэр сарын хугацаатай зохион байгуулж байна. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд мотоциклийн хөдөлгөөнөөс үүдэлтэй 14 хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, мөн тооны иргэд гэмтэж, бэртжээ. Мотоциклтэй хөдөлгөөнд оролцогч холбогдож болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүний амь, эрүүл мэндэд хохирох эрсдэлийг бууруулахаар нэгдсэн арга хэмжээ зохиож байгаа талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
Мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, дүрмийн дагуу зорчих талаар Тээврийн цагдаагийн албаны сэрэмжлүүлэг, санамж, зөвлөмжийг иргэд олон нийтэд түгээх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх, сумдад ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, цагдаа, экологийн ажил хариуцсан алба хаагч, олон нийтийн цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхгүй этгээд, насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодох зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлд анхаарч, энэ талаар хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээг даваа, лхагва, баасан гаргийн өглөөний рапорт дээр Замын цагдаагийн тасгийн дарга танилцуулахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ганбаатар үүрэг болгосон байна.
Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаарын тэмдэггүй, бүрэн бус мотоцикл, эрхийн үнэмлэхгүй, хамгаалах малгай хэрэглээгүй иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоцикл худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдэд мотоцикл тус бүрд хоёроос доошгүй стандартад нийцсэн хамгаалах малгай дагалдуулан өгөх, аюулгүй ажиллагааны зөвлөмж, гарын авлагын хамт худалдан борлуулах талаар зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих аж.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклтэй хөдөлгөөнд оролцогчид холбогдсон 480 осол бүртгэгдэж, ослын улмаас 120 хүний амь хохирсон. Үүнээс олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд мотоциклтэй хөдөлгөөнд оролцогчид холбогдсон 350 осол бүртгэгдэж, ослын улмаас 118 хүний амь хохирч, 169 хүн гэмтжээ.