Хөдөө аж ахуйн биржээс ноолуурын дуудлага худалдааг аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэ гуравдугаар сарын сүүлээр зүүн аймгуудаас эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Дорнод аймагт гуравдугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон аж. Нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж.
"Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнээр борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбат ярилаа. Дуудлага худалдаанд сонирхсон малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Тус дуудлага худалдааг Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны журмын дагуу явуулах аж.
Тодруулбал, худалдан авагч нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн нэг сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд байршуулж, баталгаажуулалт хийнэ. Энэ нь төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа хэрэг юм. Дуудлага худалдаанд оролцох борлуулагч дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад доод хэмжээ нь 500 кг ноолуураа байршуулсан байх шаардлагатай гэнэ.
Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авч ирэхдээ харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур нь аль бүс нутгаас гаралтайг гэрчилнэ. Худалдаанд оролцогч малчид, хоршоод ноолуурын доод үнээр захиалга хийх ба худалдан авах сонирхол бүхий үйлдвэр, бусад худалдан авагч нар тухайн үнээс дээш дуудаж өрсөлдөх учраас үнийн хувьд зах зээлийн бодит үнээр борлуулах боломж бүрдэнэ гэв. Энэхүү дуудлага худалдааг жил бүр зохион байгуулснаар цаашдаа худалдан борлуулагч болон худалдан авагч нарт ач холбогдол их, үр ашигтай үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаа талаараа зохион байгуулагчид хэлж байлаа.