Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн шүүхийн шийдвэр олны дунд олон янзын таамаг эргэлзээ төрүүлээд байна. Тиймээс бид эл хэргийн шүүхийн шийдвэрийн талаар Баянзүрх дүүргийн хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Очоос дарах зүйлийг тодрууллаа.
-Шүүгдэгч Ч.Маралмаа нь ямар гэмт хэрэгт холбогдож гэм буруутайд тооцогдсон юм бэ?
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.4 дэх заалтад “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байдаг.
-Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан эсэх, ямар ял шийтгэл оногдуулсан талаар яриач?
-Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж болох юм уу, энэ хүн угаасаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн шүү дээ?
-Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалтай бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялтай.
Шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдэг утгаар нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгч Ч.Маралмаагийн хувьд 1 сар эсхүл 1 жилийн дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой гэсэн үг, энэ үүднээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд ч гэсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах хуулийн зохицуулалттай.
https://isee.mn/n/47414