Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт 09:18 цагт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байгаа эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад "Хохирол гараагүй. Газар хөдлөлтийн бүс нутагт байгаа иргэд анхаарал болгоомжтой байж, газар хөдөлсөн тохиолдолд өндөр барилгаас холдох, ширээн доогуур орох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй" гэлээ.
Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ:
- Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөөд даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор хөл гараа гаргалгүй бүтэн биеэрээ орж, тогтвортой зүйлээс чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
- Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
- Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
- Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
- Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
- Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарах юм байна.
Эх сурвалж:www.polit.mn