Сүхбаатар аймаг Дарьганга сумын Алтан овоо, Шилийн богд уулыг зорих зорчигчдын аюулгүй байдлыг хангахаар хяналтын пост ажиллаж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ныг хүртэл Дарьганга сумын Алтан овоо, Шилийн богд уулыг зорих жуулчны тоо эрс нэмэгддэг. Эдгээр өдрүүдэд ойролцоогоор 20-30 мянган иргэн тус чиглэлд зорчдог аж. Энэ жилийн хувьд Дарьганга сум цас ихтэй байгаа. Үндсэн зам цас ихтэйн улмаас хаалттай байгаа учир тойруу замаар зорчиж байгаа юм байна.
Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат зам маршрутаар зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас нэмэлтээр хяналтын пост гаргаж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.