Тус аймагт улсын чанартай автозам дагуу хяналт шалгалтын ажлыг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв.
-“Амралт зугаалгын улиралд хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа улсын чанартай автозам дагуу хөдөлгөөн ихтэй байна. Тиймээс “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021 аяныг зохион байгуулж байна.Аяны хүрээнд Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт улсын чанартай авто зам дагуу хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Энэ үеэр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж, жолооч болон зорчигч нарын даралтыг үзэх, цар тахлын халдвар хамгааллын дэглэм, замын хөдөлгөөнд соёлтой, аюулгүй, дүрмээрээ оролцоход нь санамж зөвлөгөөг өгч байна. Мөн жолооч нартай итгэлцлийн дэвтэрт санал хүсэлтийг нь бичүүлж, “Ирээдүйгээ хамгаалъя” гэсэн стикерийг тээврийн хэрэгсэл бүрд нааж өгч эерэг уриалгыг олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчдод замын хөдөлгөөний дөрвөн төрлийн анхааруулга, санамж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.
Амралтын улирал эхэлсэнтэй холбоотой замын хяналтын постуудаар гэхэд 24 цагт 250-300 орчим автомашин дайран өнгөрч байна. Тиймээс орон нутгийн болон, улсын чанартай автозамд хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж, шалгах, жолооч нарт анхааруулга санамж өгөх нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдаг.
Тиймээс жолооч та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаалах. Хамгаалах бүсийг зорчигч бүрт хэрэглүүлэх, хүүхдийг зориулалтын суудалд суулган аюулгүй байдлаа хангаж зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.