Дэлхийн ноолуурын хэрэгцээний 48 хувийг хангадаг манай улс ноолуураа угаагаад л боловсруулалгүй, БНХАУ руу гаргасаар ирсэн.
Энэ жилээс харин самнаад гаргах, шууд Европ руу нийлүүлэх эрхзүйн орчин бүрдсэн. Уг шийдвэр гарснаас хойш ноолуур самнах 47 үйлдвэр байгуулагдаж, бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Уг үйлдвэрүүд жилд 13 мянган тонн ноолуур самнах хүчин чадалтай. Өмнө нь манай улс 10 мянган тонн ноолуурыг боловсруулалгүй БНХАУ руу экспордолдог байсан. Харин Эдийн засаг, хөгжлийн яам "энэ жилдээ самнасан ноолуур гаргахгүй, цаг нь болоогүй" гэх байр суурийг илэрхийлснээр, ноолуураа дотооддоо боловсруулан гаргах боломж хязгаарлагдахт хүрээд байна. Энэ асуудлыг маргааш ЗГ-ын хурлаар хэлэлцэн, шийдвэр гаргах юм. Манай улс хэдий болтол түүхий эд нийлүүлэгч улс хэвээр байх вэ? Дэлхийд цагаан алт гэгддэг ноолуураа самнаад, боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд Хятадаас бусад дэлхийн зах зээлд гаргаж яагаад болохгүй гэж гэдэг байр сууринаас ноолуур үйлдвэрлэгчид хандаж, бухимдаж байна. Хэрэв ЗГ самнасан ноолуур гаргах шийдлийг хэвээр үлдээвэл малчид ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний түүхий эд хангагчид болж, ноолуураа өндөр үнээр зарах, самнах үйлдвэрт ажиллах 4000 орчим хүний ажлын байр нэмэгдэх зэрэг боломжууд бүрдэх юм.