Аймгийн төв Эрдэнэбулган суманд 320 м2 өвлийн хоёр хүлэмж ашиглалтад орлоо. “Нутаг хүнс трейд” ХХК хувийн хөрөнгөөр байгуулсан хүлэмждээ одоогийн байдлаар хоёр төрлийн салатны навч, юуцай, бууцай, өргөст хэмхийг тариалж байна. Цаашид ногооны төрлийг нэмэхгүйгээр ургалт, нийлүүлэлтийг тогтмол байлгахад түлхүү анхаарна гэлээ. Хүлэмжийн хөрсийг нутгийн хөрстэй тариалалтын хөрсийг хольж бэлтгэсэн эко хөрсөнд ногоогоо тариалжээ.
Одоогоор компаний ресторандаа ногоогоо нийлүүлж байна. Цаашид аймгийн иргэдийг нарийн ногоогоор хангах, чанарын баталгаагүй импортын нарийн ногооноос татгалзах, өвлийн хүлэмжийг аймаг, орон нутагтаа хөгжүүлэх зорилт тавьснаа “Нутаг хүнс трейд” ХХК-ий ерөнхий менежер Э.Анхбаяр хэлж байлаа.
Энэ хүлэмж жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо тариалах боломжтой бүрэн автоматжсан бөгөөд зургаан хүнийг ажлын байраар хангажээ. Эднийх дээрх нэр төрлийн нарийн ногоог тариалахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэд, ААН-г нарийн ногооны үрсэлгээгээр дэмжих боломжтой юм.
Мөн өвлийн хүлэмжинд шороон хөрс ашиглахгүйгээр улаанбуудайнаас ногоон тэжээл ургуулах туршилтыг эхлүүлээд байна. Амжилттай ургавал дараагийн жилүүдэд малчдад ногоон тэжээл нийлүүлэх хэтийн зорилт тавьжээ. Зурагт гарч буй ногоон тэжээл нь 5 хоногийн өмнөх ажээ.
“Нутаг хүнс трейд” ХХК зочид буудал, ресторан, мах бэлтгэл, нарийн ногооны хүлэмж зэрэг хүнсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн өөрсдийн тэжээж буй мал, ургуулсан ногоог хоолондоо хэрэглэж хэвшсэн нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөдөлгөөнд оруулж буй хувь нэмэр юм хэмээн компаний менежер хэлж байлаа.