Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 139 км, сумын төвөөс урд зүгт 39 км/-т ачааны автомашины араас суудлын автомашин мөргөжээ. Улмаар автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.
Тодруулбал, “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж, 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдээллээ.