Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Төсөв өр үйлдвэрлэсээр байх уу…”


Төсөв сонирхдог хүн тэр бүр байдаггүй. Харин өрх бүр, улс орны долоо хэмжиж нэг огтолж байж цалин, тэтгэвэр тэтгэмж,  хөрөнгө оруулалт болон бусад хэрэгцээндээ хүргэх зарцуулалтыг хийдэг зүйл маань  та бидний татвараас бүрдсэн төсөв юм. Түүгээрээ ч төсөвт бүгд хяналт тавьж байх ёстой. Гэвч хяналт үгүйгээс сүүлийн жилүүдэд төр засгийн, иргэдийн өрийг нэмэгдүүлдэг зүйл төсөв болоод байна. Манай улс сүүлийн гурван жилд ойролцоогоор 10 орчим их наяд  төгрөгийн алдагдалтай төсөв баталсан нь үүнийг гэрчилж байна. Учир нь  одоо мөрдөж буй төсвийн болон  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь энэ цагийн шаардлагаа хангахгүй байгаа мөн төсвөө  төлөвлөж баталдаг субекьтүүд хуулиа дагаж мөрддөггүй, алдагдлыг нэмэгдүүдэг хууль баталж өөрчилж буй  зэргээс  “төсөв өр үйлдвэрлэдэг” болоод байгаа юм.
    Улсын төсвийг алдагдалтай батлах тусам төр засгийн өр өсөж тэр хэрээр та бидний төлдөг татвар нэмэгддэг. Татвар нэмэгдсэнээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч ажлын байр хумигдах сөрөг нөлөөтэй. Тэгэхээр өр үйлдвэрлээд байгаа төсөвт төсвийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж алдагдлыг бодитоор бууруулж төсвийн эмзэг байдлыг засах шаардлагатайг  эдийн засагчид анхааруулсаар байна. УИХ дах Төсвийн байнгын хорооноос Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг боловсруулаад байгааг өнгөрсөн долоо хоногт  мэдээлсэн юм.
Нэг жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв баталсаар
 Манай улс сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 12 удаа  төсвөө тодотгосон байгаа юм. Харин төсвийн манаач гэх Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаа  нэмэлт өөрчлөлт оруулсан бол  Төсвийн хүрээний мэдэгдэлд мөн 19 удаа өөрчлөлт оруулсан байх жишээтэй.  Тухайлбал, нэмэлт өөрчлөлтийг 2012 онд нэг удаа,  2016, 2017 онд  тус бүр хоёр удаа  хийсэн бол хамгийн олон удаа өөрчлөлт хийсэн жил нь 2015 он. Тоочвол, 2015 онд дөрөв, тав,ес, арваннэгдүгээр сард нийт дөрвөн удаа өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн төсвийн алдагдал ихэвчлэн сонгуультай жилүүдэд байгаа нь анзаарагдсан. Сүүлийн гурван жилд гэхэд 9.7 их наяд төгрөгт хүрээд байгааг дээр онцолсон. Тодруулбал, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай жил болох 2008 онд ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлын хэмжээ  –4.5, 2009 онд -5.2 хувь болж нэмэгдсэн байна. Тэгвэл дараагийн сонгуулийн жил болох 2012 онд  энэ алдагдал -3.8, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд -8.3 хувь болж нэмэгдсэн байх юм. Сонгуулийн цикль бүрээр дурьдвал 2016 онд -15.3 хувь, 2017 онд -6.4 хувиар тус тус нэмэгджээ.  Харин 2020 онд -12 хувь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд -8.8 болж өссөн үзүүлэлтэй. Ингэж өссөнөөр нэг жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв баталсаар байгаа нь харамсалтай. Энэ нь яах аргагүй төсвийн сахилга хариуцлага сул, хяналт тавихгүй байгаатай холбоотойгоор өрийг үйлдвэрлэсээр байна. Нөгөөтэйгүүр, энэ өрөө нөхөхийн тулд  гаднаас урт хугацаатай  зээл тусламж, гадаад бонд гаргах эрсдэлтэй нөхцөл үүссэн гэж хууль санаачлагч онцолж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд өр үйлдвэрлэж үүгээр дамжуулан зээл тусламж ихээр авч байгаа нь Монголын иргэн бүр өртэй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Ирээдүйн өв сангийн хуулиар зогсоох, сахилга хариуцлагыг  сайжруулах зохицуулалтаар шийдвэрлэхээс өөр гарцгүй гэж эдийн засгийн шинжээч хэлж байна. Төсвийн шинэчлэлийн хуулиа яаралтай баталж өрийн үйлдвэрллийг зогсоох хэрэгтэйг ч тэд сануулсаар.
   Төсөв өр үйлдвэрлэхгүй байх засаглалын тогтолцоо чухал болжээ.  Манай улс 2030 он хүртэл “Ирээдүйн өв сан”-д төвлөрүүлсэн мөнгөндөө гар хүрэхгүй байх хуультай ч төсвийн алдагдлаа энэ сангийн мөнгөнөөс нөхөж болох хуулийг эрх баригчид баталсан. Тухайлбал, 2023 оны хүүхдийн мөнгийг энэ сангийн мөнгөнөөс олгохоор зохицуулалт хийснийг дурьдах нь зүйтэй. Байгалийн баялгаас орж ирсэн ашгийн ердөө нэг хувийг энэ санд төвлөрүүлдэг.
Гэвч одоогоор тус сангийн мөнгө хуримтлагдах нь битгий хэл төсвийн алдагдал, өр нөхөх сан болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл манайхтай ижил төстэй уул уурхайн салбараас хараат эдийн засагтай бусад улсад тус санд ашигласан баялгийнхаа 20-30 хувийг төвлөрүүдэг байна. Харин манайх эсрэгээр эл сангийн мөнгөө барьцаалж гаднаас зээл тусламж авч ирээдүйд ашиг үлдээх биш өр үйлдвэрлэсээр байна.
 
Төсвийн шинэчлэлээр жил бүрийн 9 дүгээр сарын -1нд төсвийг өргөн барина
 Төсвийн шинэчлэлээр  төсвийн төсөлд Сангийн яамны эрх мэдэл задарч, Эдийн засгийн хөгжлийн яамд илүү төвлөрнө. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам төсвийн төлөвлөлт, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хариуцна. Жил бүрийн төсвийн төсөөллийг бэлтгэж УИХ-дахь Төсвийн байнгийн хороонд оруулж хэлэцүүлэгт бэлтгэнэ. Түүнчлэн төсөвт тавих хяналтыг олон нийтийн оролцоог хангах заалтыг төсвийн шинэчлэлийн хуулиар оруулж ирж байна. Жил бүрийн төсвийг  олон нийтээр хэлэлцүүлнэ гэдэг ч хангалттай сайн хэрэгждэггүй. Тэгвэл 2024 оны төсвийг шинэчилсэн хуулийн заалтаар олон нийтээр хэлэлцүүлж эхлэнэ. Бас нэг гол өөрчлөлт нь төсвийг жил бүрийн есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг болно. Ингэж хугацааг наашлууснаар Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамнаас бэлтгэсэн төсвийн төсөлтэй танилцах хугацаа сунгагдаж байгаа юм байна.  Энэ нь төсөв батлах УИХ-ын гишүүд болон олон нийт бусад төсөвтэй танилцах  хяналт тавих, байгууллагуудад судлах хугацаа хангалттай болж бодит төсөв батлагдах боломжийг бий болгох давуу талтай. Одоогийн хуулиар 30 хоног хангалтгүй байгааг ийнхүү 70 орчим хоногоор сунгаж байгаа юм байна.  Түүнчлэн төсвийг батлахдаа зөвхөн аудитаар батлагдсан төсвийг хэлэлцэнэ гэдгийг хуульчилсан. Ингэснээр төсөв батлах үеэр Аудит танилцаад зөвлөмж өгдөг хэлбэр төдий байдлыг халах ажээ. Мөн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг ил тод  зарладаг зарчимд шилжинэ. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал ДНБ-ний 2 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг зааж өгчээ. Засгийн газрын өрийн  хязгаар 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хатуу заалтыг оруулж өгснөөр  төсвийн алдагдал буурах гол баталгаа болох аж. Одоогоор өрийн хязгаарыг 4-5 удаа 75 хүртэл хувиар нэмэгдүүлэн өөрчилсөөр иржээ. Энэ нь өр үйлдвэрлэх эрх зүйн орчноо эрх баригчид өөрсдөө хийгээд байгааг хуулийн шинэчлэлээр хааж өгнө.  Мөн төсвийн манаач гэх  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тодорхой журам боловсруулсан байна. Төсвөөр өр үйлдвэрлэхгүй байх боломжийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хянах ёстой. Төсвийг тогтвортой байлгаж жил, жилийн төсвийг алдагдалгүй батлахад хяналт тавьж, дүгнэлт гаргаж байх зөвлөл өнөөдөр 9 хүнтэй ч хэзээ ч ажлаа хийгээгүй ирснийг одоогийн төсвийн алдагдал ийнхүү харуулж байна. Төсвийн шинэчлэлээр зөвлөлийг 7 хүнтэй байхаар зохицуулж шалгуур, урамшууллыг өндөрсгөж байгаа аж. Ямартай ч олон жил дуншиж байгаа Төсвийн шинэчилсэн хуулийн төслийг  ийнхүү энэ долоо хоногт УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Ц.Баяр
https://newspress.mn/v1/%D0%AD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3/news/37953
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ