Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эдийн засгийг дэмжих эх үүсвэр тодорхой бус байна



  • Манай Улс нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ, АНОАТ-аас хамгийн багадаа 2.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна
  • Манай улсын хувьд эдийн засгийн хүндрэлийг төсвөө тодотгохгүйгээр даван туулна гэж сангийн сайд долоо дахь удаагаа мэдэгдэв. Харин эдийн засагчид төсөв тодотгох зайлшгүй шаардлагатайг сануулсаар
Засгийн газрын баасан гарагт танилцуулсан гэнэтийн шийдвэр олон хүний талархал хүлээж, хувийн хэвшлийнхэн дор бүрнээ алга ташин угтан авлаа. Цар тахлын үед эдийн засгаа дэмжих 5.1 их наяд төгрөгийн багц санхүүжилт чухамдаа эрсдэлийг хумих төрийн оролдлого. Дэлхийн улс орнуудын нэгэн адил ажлын байрыг хадгалах, эдийн засгийн уналтыг сааруулах үүднээс Засгийн газар дээрх арга хэмжээг авч байна. Хөгжиж буй болон хөгжингүй орнууд бүгд л эдийн засгаа тэтгэх гарц дор бүрнээ хайж, хэрхэн бага хохиролтой даван туулахаа урьдчилан тооцоолох болов. Эдийн засгийн хямрал, COVID-19 вирусийн учруулах уршиг өнөөдөр дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа нь энэ. Мөнгөний бодлогоо зөөлрүүлж, шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлаа хойшлуулж, нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийн эрэлд улс орнууд гарч эхэлсэн. Харин манай улсын хувьд эдийн засгийн хүндрэлийг төсвөө тодотгохгүйгээр даван туулна гэж Сангийн сайд долоо дахь удаагаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зүгээс хоёр их наяд төгрөгийн алдагдалтай, 13 их наядын зардалтай төсвөө тодотгохыг уриалсан ч үүнийг Засгийн газар хүлээж авахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Харин хувийн хэвшлийн зардлыг хөнгөлөх үүднээс ирэх сараас аравдугаар сар хүртэл аж ахуйн нэгжүүдийн Нийгмийн даатгалыг шимтгэлийг бүрэн тэглэхээр болж байна. Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол орлогын албан татвар авахгүй. Хувь хүний орлогын албан татварыг ч мөн тэглэнэ. Орлого нь буурсан, эргэлтийн хөрөнгөгүй болсон, ажилтнаа цомхотгох дээрээ хүрсэн хувийн хэвшилд Засгийн газрын шийдвэр таалагдана. Үйл ажиллагаа нь доголдсон компаниудын ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Малчдыг ч энд орхисонгүй. Ноолуурын худалдан авалтад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болж байна. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэх бол ирэх сараас шатахууны үнэ литр тутамдаа 300-400 төгрөгөөр буурахаар болов. Газрын тосны үнэ навс унасан нь монголчуудад илүү хямд шатахуун хэрэглэх боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл ийм нөхцөл бидэнд бүрдүүлж өглөө. Тэгвэл Засгийн газарт 5.1 их наяд төгрөгийн багц санал болгох хэмжээний орлого, хуримтлал бий юү. 
Улсын төсвийн орлого энэ он гарснаас хойш 275 тэрбумаар сох дутаж, тэр хэрээр төсвийн алдагдал нэмэгдэж байна. “Шаардлагатай таван их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Гэхдээ Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг хэчнээн сайн менежментээр залаад ч орлого тасарсан үед Засгийн газар 5.1 их наяд төгрөг бүрдүүлэх боломжгүй болохыг хашир эдийн засагчид хэлж байна. Төсөв тодотгохгүй нөхцөлд Засгийн газрын зардал, төсвийн алдагдал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Эцсийн дүндээ улсын өр тэр хэрээр тэлж, томрох болно. Байхгүй мөнгөн дээр нэгэнт амлалт өгсөн учраас төр хаа нэгтэйгээс өр тавиад ч хамаагүй олохоос аргагүй. Ийм л замаар шийдэхээ Сангийн сайд илэрхийлж, шинэ бондын сураг гарч эхэллээ. Ирэх жил 2.9 тэрбум ам.долларын өр барагдуулах манай улс өнөөдрийн хүндрэлийг даван туулахын тулд дахин санхүүжилт босгох ажилд шилжиж байна. Засгийн газарт хөрөнгө босгох хэд хэдэн хувилбар бий. Үүний нэг нь төв банк. Тодруулбал, төв банк төгрөг хэвлэх замаар Засгийн газарт мөнгө зээлдүүлж болох хувилбар. Удаах нь олон улсын зах зээлд бонд гаргах. Засгийн газар энэ удаа хоёр дахь хувилбарыг нь сонгохоор болжээ. Тодруулбал, 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар болсноо Сангийн сайд онцолсон. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хүрч байна. Эрх баригч МАН 2016 оны сонгуульд өр нэмэхгүй, татвар нэмэхгүй гэж амлаж байлаа. Харин өнөөдөр аль аль нь эсрэгээрээ өрнөв. Нөхцөл байдал ч амаргүй болж байна. Гэхдээ төсвөө тодотгох замаар эдийн засгаа дэмжих оролдлогоос эрх баригчид дөлөв. Эдийн засагч Н.Энхбаяр “Ийм эгзэгтэй үед төсвийн зөв бодлого чухал. Төсөвт тодотгол хийх ёстой. Орлого 50 хувиар буурах эрсдэлтэй байна” хэмээн өгүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн алдагдал улам гүнзгийрэх нь. Манай Улс нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ, АНОАТ-аас хамгийн багадаа 2.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэ бүгдийг яаж ч өсгөж тооцоод 5.1 их наяд төгрөгт хүрэхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл ажилтан, компани хоёрыг хангалттай дэмжиж байна. ХАОАТ болон 200 мянган төгрөгийн дэмжлэг нь хэрэглээнд боломжийн дэмжлэг болно” гэж онцолсон. Засгийн газар төсөв тодотгохгүйгээр эдийн засгаа дэмжих гээд байгаа нь эдийн засагт тодорхойгүй олон асуулт үлдээж байна.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ