Дундговь аймгийн Баянжаргалан сумын өндөр настан, удам дамжсан малчин, өдгөө өндөр насыг насалсан ч үр хойчдоо мал маллах арга ухаан, нүүдэлчин өв соёлоо өвлүүлэн үлдээж буй Готовын Адилбиш буурайн сонирхолтой яриаг уншигч олондоо толилуулъя.
Нутгийнхан нь түүнийг“Адил” буурай хэмээн авгалж, сумын амьд түүх, мал маллагааны гэгээн судар, төр түшилцэж явсан эрхэм хэмээн хүндэтгэдэг. Тэрээр 1926 онд төрсөн, өдгөө 97 настай.
-Таныг сумынхан “амьд түүх,мал маллагааны гэгээн судар” хэмээн хүндэтгэдэг. Тэгэхээр таны намтар түүх, их сонин байх?
-Би чинь айлд өргөгдсөн, Готов, Дунь гэх хоёр хүний тэжээвэр хүүхэд дээ. Цөөвтөр малтай амьдралаар тийм ч хангалуун биш байдалд өссөн. 19 настай байхдаа ханьтайгаа танилцаад 21 настай айл гэр болж, 5 хүүхэд төрүүлсэн. Хань минь Буяндэлгэр гэж хүн байсан. Нас биед хүрсэн хүү, охин хоёроо алдчихаад элэг эмтэрч, зүрх шимширч, сэтгэлээр ядарч явсан өдрүүд надад бий. Тэгэхдээ нутгийн зон олны ач, малынхаа буянаар өдий насалж, сайхан амьдарч явна даа.
Бага залуу наснаас хийж сурсан ажил болохоор нэгдэлд орж, тэр даруйдаа тэмээ маллаж үзсэн. Тэр үеийн тэмээ номхон, хороо хашаа гэхгүй баригдана. Манай хүү Дэлгэрсуурь тэмээний нуруун дээр өссөн хүүхэд. Торомноос нь сургаад унаж эдэлдэг байсан. Унаа унаш муутай хүмүүст тэмээ маллах яггүй. Тэгэхдээ тэмээгээ дутааж, хоргодуулж байгаагүй ээ. Сүү сааль арвинтай, зуд турханд ажирдаггүй сайхан мал даа. 50 ингэ ботголуулж, “Сумын төлийн аварга” болж амжилтын гараа минь эхэлж байжээ.
-Тэмээ маллаж байгаад дараа нь өөр мал маллаж байсан уу?
-Дараа нь 300 донн хар ямаа ишиглүүлж үзлээ. Донн ямааны ишиг бойжуулна гэдэг нэлээд яггүй ажил байсан. За ер нь их арчилгаа, маллагаа, тордолгоо шаардлагатай мал шүү дээ.
1200- 1400 орчим нэг наст малыг 10 гаруй жил малласан. Хөөрхөн амьтад шүү дээ. Их дуулгавартай ер нь хүүхэд л гэсэн үг. Цагийн муу, тэнгэрийн муухайд л өөдөө харахгүй нь айхавтар, айлын хонь шуурга сөрж явахад манай төлөг шүдлэн уруугаа гүйх гээд сандаргаж л байдаг байсан.
Намар нь эр төлөг шүдлэн гээд хүлээж авсан чинь хавар нь хэд хэд нь төллөж байж билээ. Төлөг шүдлэнгээ Толгойтод тууж аваачаад л улсын бэлтгэлд тушаадаг байлаа. Малаа тушаачихаад, майхнаа ачаад шилбүүрээ бариад эргэх ч бас тийм сайхангүй шүү.
-Нэгдлийн олон малыг энэ олон жил маллахад их туршлага хуримтлуулсан байж таарна, энэ тухай юу хэлэхсэн бол?
-Манайх малаа хаших их дургүй, ямар ч шуурганд задгай л байлгадаг байсан. Хашаагүй малын өнгө цаанаа л нэг өөр. Хашилгүй байж байгаад малаа уруудуулах үе байна. Тэглээ гээд хаширдаггүй л юм. Малаа л бодсон хэрэг байх. Өөрсдийн биеийн амрыг бодвол хаших шүү дээ.
Үдийн халуунд хонио салхины уруу туувал ноос нь сайхан хөндийрдөг. Ер нь мал таргалуулах амархан, харин авсан тарга хүчийг тогтоож онд оруулна гэдэг л хэцүү дээ. Их нарийн ажиллагаатай. Үгүй ядаад л машин замаас хол оторлох хэрэгтэй болдог.
Дахин хэлэхэд “хашаа” гэдэг шүтэх зүйл биш шүү. Хашаанд хорьсон мал царай алдана. Үс ноос нь ширэлдээд бүр хамуу маагуу тусах нь элбэг. Уургандаа цадаагүй төл өвчинд нэрвэгдэмтгий давжаардаг гээд их муу талтай. Ер нь уургандаа цадаагүй төл төлөг болтлоо майлдаг юм. Хүн ер ядарч зүдэрч явж л амжилтад хүрдэг дээ хүүхдүүд минь.
-Тэр үеийн мал маллагаа нүүдлийн өв соёл, уламжлалдаа илүү ойр байжээ. Малаа хашихгүй, морь, тэмээгээ унаж малаа хариулна, тэр бүр тэжээнэ гэхээс илүү отор нүүдэл хийж тарга тэвээрэг авхуулна, түүнийг нь хадгална гээд...?
-Юм хөгжихийн хэрээр тэр сайхан уламжлалаа мартах гээд байна. Залуус минь морио уна, морио унаад сүргийнхээ бэлчээрт оёж хатгаад, үйл мэтгээд, хялгас ноос ураад, утас ээрээд суух сайхан, их ч ажил амждаг юм шүү дээ.
Хавар эрт морин тэрэгтэй хэдэн малаа дагаад л оторт гарна. Зунжин, намаржин гэр оронгүй хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан даа. Өвөл тэмээн тэрэгтэй явна. Сууж байсан удаа байсангүй. Нас залуу байж дээ, эрүүл агаарт мал маллаж явсны хүчинд овоо насалж байгаа юм болов уу. Одоо нас 90 хол гарч байна хөл, гар, нүд, чих гайгүй шүү.
-Танай сумынхан таныг төр түшилцэж явсан хүн гэдэг. Энэ тухай хуучлаач?
-Малын буян их дээ. Би ч малынхаа буянаар сайн, сайхан зүйл ихийг үзэж, их ч олон сайхан хүнтэй уулзаж, танилцаж явсан.
Малынхаа буянаар аймгийн депутат, намын бүгд хурлын гишүүн болж явлаа. АИХ-ын VIII, IX дэх удаагийн сонгуулиар 2 удаа АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан гэсэн 3 сумын иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдсон доо. Тэднийхээ захиа даалгаврыг чадахаараа биелүүлж явсан гэж боддог.
Л.И.Брежнев даргатай гар барьж, цэцгийн баглаа авч, хүндэтгэлийн зоогт орж үзсэн. Лхагвасүрэн генерал, Цэдэнбал дарга нар манай гэрт саатан зочилж байлаа. Лхагвасүрэн генерал чинь манай аймгийн хүргэн байсан шүү дээ.
АИХ-ын чуулганд нэрийн жагсаалтаар танхимд сууна, би хамгийн урдуур суудаг учир хамгийн түрүүнд л дарга нартай гар барина, сайхан байжээ. АИХ-ын чуулганы үед биднийг сайд дарга нар шиг л бөөцийлнө, бүх үйлчилгээ бэлэн, ямар л хүсэлт тавина түүнийг хүлээн авч биелүүлдэг байж. Депутатын тэмдэг их нэр хүндтэй, түүний буянаар сумынхаа нэгдэлд машин, мотор, хадлангийн салаа гээд мөн ч их ажил амжуулж явжээ. Өвгөн маань Нэгдэлчдийн IV их хурал, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож явсан юм.
Бид Аюурзана, Шижээ, фронт Цэгмэд, Гиваасүрэн гээд олон сайхан малчинтай танилцаж, мөр зэрэгцэн үерхэж явлаа.
-Үе дамжсан таны малч удам, мал маллах ухаан тасраагүй, хүүхдүүдээ малчин болгожээ. Та залуу малчдад юу хэлж, сургаж, зөвлөмөөр байна?
-Би 1944 оны мичин жил 18 настай байсан. Тун ч хэцүү байж. Байгалийн бэрхшээл гэдэг хатуу, малчин хүний ажлыг шалгадаг. Бэлтгэлээ эртнээс базаах нь чухал байдаг юм. Малын буян их дээ. Малаа хайрлах хэрэгтэй. Малаас гарч байгаа юм бүхэн амьдралд хэрэгтэй. Малын ашиг шим арвин шүү, хаяж үрэгдүүлж огтоос болохгүй.
Би одоо ч нас өндөр гарсан гэлтгүй Дэлгэрсуурь, Сугир, Чанарав нарындаа очиж, мал төллүүлж, ямаа самнаж, хонь ноосолж, сааль сүү, аргал хөрзөн гээд л явж байна даа. Өвчин хуучгүй, урт насалж байгаа минь мал дагасны буян гэж боддог. Эмээ нь малынхаа буянд жаргаж, малынхаа хөлийн тоосыг тос болгож явсан хүн дээ.
-Танд баярлалаа, урт насалж, удаан жаргаарай!