Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Батдөлийг өмөөрөхгүй! Гэхдээ хоморголон хэлмэгдүүлж болохгүй!


Эрүүгийн цагдаагийн албанаас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хамаарал бүхий объектуудаас ойролцоогоор 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх төгрөг, ам.доллар, евро, юань бэлнээр илрүүлж түүнийг баривчлан хорьсон тухай мэдээлэл гараад гурав хонолоо. Иргэн С.Батдөлийн хамаарал бүхий объектоос илэрсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ олон нийтийг цочирдуулам их хэмжээнийх учраас шүүхээс түүнийг яагаад суллаж явуулсан тухай мэдээлэл ч мөн л олон нийтийг бухимдуулав. Үүнд шүүгч Г.Золбоо “С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал Төв аймагт шүүх хуралд оролцох давхацсан учраас шүүхийн хэлэлцүүлэгт ороогүй. С.Батдөл өмгөөлөгчтэйгээр шүүхийн хэлэлцүүлэгт орно гэсэн. Энэ нь холбогдох хуулийн дагуу эдлэх эрх нь” болохыг тайлбарласаныг хэвлэлүүд бичиж байна. Гэтэл үүний зэрэгцээ улстөржсөн болон баримт нотолгоогүйгээр хардсан мэдээллүүд хөвөрч эхэллээ. Тухайлбал, “С.Батдөлийн дарга нь АТГ-ын дарга З.Дашдаваагийн эгч УБТЗ-ын орлогч дарга Д.Амарбаясгалан, түүний хүү А.Алтаншагай нь Тээвэр зохион байгуулалтын албанд ажилладаг учраас дээрх илэрсэн 7.3 тэрбум төгрөгтэй холбоотой мэтээр, тэр ч байтугай шүүгчийн эрх үүрэгт хүртэл халдаж баримт нотолгоогүй хардлагыг дээрх хүмүүсийн зургийг тавьж байгаад “сошиал шүүх”-ээр “шүүж” эхлэв.
Монгол Улс төртэй. Төр нь АТГ-тай. Нэгэн албан тушаалтнаас 7.3 тэрбум төгрөгийн нуусан хөрөнгө илэрчихээд байхад төрөл садны холбоо сүлбээгээр шалтаглаж хууль үйлчлэхгүй байх ямар ч боломжгүй. Хэн ч одоогийн байдлаар хуулийн өмнө тэр илэрсэн их хэмжээний мөнгөний эзнийг хаацайлж хайрлах боломж алга. Харин энэ явдалтай холбогдуулж эрхэлсэн ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа хүмүүсийг баримт нотолгоогүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмтэн мэт зарлах нь гэмт хэрэг юм. Тухайлбал энэ хугацаанд мэдээллийг хэвлэн нийтлэх, олон нийтэд цацахаасаа өмнө АТГ-ын дарга З.Дашдаваа болон “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлтийн хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, А.Алтаншагай нараас өөрсдөөс нь тодруулах нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах, баттай эх сурвалжаас тодруулах талаасаа заавал хийгдэх ёстой ажил байсан болов уу гэж бодож байна. Нэгэнт 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийн эзэн С.Батдөл гэж хэн бэ гэдгийг хэвлэлийнхэн хангалттай бичсэн, шүүх хурал нь болох гэж байгаа учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд болон шүүхийн мэдээлэл гартал бүгдээрээ хамтдаа хүлээж таарах нь. Харин хамтад нь “яллаж” бичээд байгаа хүмүүсийн тухайд баттай эх сурвалжуудаас тодруулснаа хүргэе.
Д.Амарбаясгалан гэж хэн бэ?
Д.Амарбаясгалан нь Москвагийн Төмөр замын дээд сургуулийг тээвэр зохион байгуулалтын удирдлага, ашиглалтын инженер мэргэжлээр төгсч, 1989 оноос хойш “УБТЗ” ХНН-т тасралтгүй 30 гаруй жил, ачаа тээврийн пүүлэгчээс эхлээд тус байгууллагын орлогч даргаар хоёр дахь удаа томилогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргаар З.Дашдавааг 2019 онд томилогдохоос 30 жилийн өмнө “УБТЗ” ХНН-т ажилд орсон түүнийг дүүгийн туслалцаагүйгээр томилогдох хангалттай чадвар туршлагатай гэдгийг салбарынхан нь нотлон хэлдэг. Тэрбээр одоогийн албан тушаалд очихоос өмнө “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучлалын төвийн даргаар ажиллаж байсан. Хэвлэлд бичээд байгаачлан түүний хүү А.Алтаншагайгийн ажиллаж байгаа Тээвэр зохион байгуулалтын албанд огт ажиллаж байгаагүй. Хоёрдахь удаагаа буюу өнгөрсөн оны эхээр “УБТЗ”ХНН-ийн орлогч даргаар ажиллаж эхэлснээс хойш одоогийн олон нийтийг бухимдуулаад байгаа сэдвүүд болох вагоны дугаарлалтын урдуур авлига өгч дайрч ачаагаа тээвэрлүүлдэг, хувийн компаниудын вагоныг дээрэмддэг гэх зэрэг хууль бус үйлдлүүдтэй мэргэжлийн, туршлагатай хүний хувиар тэмцэж, зүтгэж яваа бөгөөд үр дүнд нь “вагон захиалгын дээрэм, авлига” гэгчийг хүний оролцоогүй цахим системд оруулсан нь түүний болон тус байгууллагын хамт олны ажлын үр дүн юм. Үүнийг миний бие өмнөх нийтлэлдээ ч тодорхой бичиж байсан. Одоо “УБТЗ” ХНН-ийн цахим системийг зөрчиж, “эвдэж” хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэх ямар ч боломжгүй, ачилтын ээлжээ хүлээж байгаа компаниуд онгоцны хөөрөх буух цагийг самбараас хардаг шиг ил тод харж байдаг болсон. Экспортын захиалга цахим хэлбэрт шилжсэнээр олон улсын жишгийн дагуу хувийн вагонтой компаниуд өөрсдөө экспортод хэрхэн оролцох захиалгаа өгдөг болсон учраас УБТЗ вагоныг нь дээрэмдээд байдаг гэх асуудал эцэс болсон.
7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө олдсон нь “УБТЗ”-ын мөнгө биш

УБТЗ ХНН-ийн 1797 вагон нь орон нутгийн нүүрсийг цахилгаан станцууд руу болон Эрдэнэт үйлдвэрийн зэсийг тээвэрлэнэ үү гэхээс Эрээн рүү нүүрс тээвэрлэх ямар ч боломжгүй, үүнийг нь хууль, хяналтын байгууллагуудаас болон Засгийн газраас нүд салгалгүй цаг тутам хянаж байгаа билээ. Нөгөөтэйгүүр УБТЗ ачаа тээврийн хөлсөө урьдчилж төлүүлдэг, төлөөгүй бол ёстой ширхэг хадаас ч гаргадаггүй, С.Батдөлөөс илэрсэн гэх 7.3 тэрбум төгрөг гэгч нь “УБТЗ” ХНН-д ямар ч холбоо хамааралгүй, тус байгууллагад болон улсад хохирол учруулаагүй, орлого ч, зарлага ч авчрахгүй ийм л “үл мэдэгдэх мөнгө” болчихоод байна. Үүнийг бол хуулийн байгууллага, шүүх тайлбарлах биз ээ. Дашрамд, орлогч дарга Д.Амарбаясгалангийн хүү А.Алтаншагайгийн хувьд Москвагийн төмөр замын дээд сургуулийг ашиглалтын мэргэжлээр 2011 онд төгссөнөөсөө хойш “УБТЗ” ХНН-т ажиллаж эхэлсэн, 2014 оноос буюу АТГ-ын даргаар З.Дашдавааг томилогдохоос таван жилийн өмнө, түүний ээж Д.Амарбаясгалан УБТЗ-ын орлогч даргаар томилогдохоос найман жилийн өмнө Тээвэр зохион байгуулалтын албанд ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийг иргэн С.Батдөлийн хамаарал бүхий объектуудаас “олдсон” 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийн үүсэл гаралтай холбож үзэх ямар нэг эш баримт олдохгүй байгаа юм.
Нөгөөтэйгүүр, УБТЗ гэдэг “айл” бол МИАТ-ийн нэгэн адил удам дамжиж нарийн мэргэжлийнх нь сургуульд суралцаж ирээд гэр бүл, хамаатан саднаараа ажилладаг онцлогтой. Үүнийг гэнэт өнөөдөр буруутгах аргагүй юм. Дунд сургууль төгсөөд л мэргэжлийн сургуульд нь суралцаж ирээд  удам дамжин ажилладаг олон гэр бүлийн жишээг бид мэднэ. Энэ нь одоо ажиллаж байгаа тэр хүмүүсийн буруу биш. Гэм буруутай үйлдэл гаргаагүй бол үүнийг гэмт хэрэгт холбогдох сэжим гэж үзэх нь ч хуулиар хориотой.  Авлигатай болон авлигын гаралтай байж болох их хэмжээний нууц хөрөнгийн эздийг олох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь нийгэмд агаар ус мэт хэрэгтэй байгааг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Харин энэ явцад албан үүргээ хэвийн гүйцэтгэж буй төрийн тусгай болон жирийн албан хаагчдын болон байгууллага, хувь хүний нэр хүндэд баримт нотолгоогүйгээр халдаж хэлмэгдүүлж болохгүй. Нэг хүнээс олдсон гэхэд ой тойнд багтамгүй том хэмжээний энэ бэлэн мөнгөний тоо олон нийтийг цочирдуулж бухимдуулж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг заавал бичиж олон нийтэд хүргэх үүднээс үүнийг нийтэлж байна.

https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/37703
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ