XI сарын дунд үед литийн үнэ БНХАУ-д 600 мянган юань хүрч байсан бол сүүлийн таван өдрийн турш уналт үргэлжилж, пүрэв гарагийн байдлаар 522,500 юань болов
Литийн одоогийн өндөр үнэ 2023 онд хадгалагдахгүй гэж БНХАУ-ын цэнэг хураагуурын металл үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг “Sinomine Resource” компани таамаглаж байна.
Хоёр жилийн турш зогсолтгүй өсөж, Илон Маскаас “солиорол”, BYD компаниас “зөвтгөж боломгүй” гэсэн тодорхойлолтыг хүртээд байсан литийн үнэ сүүлийн өдрүүдэд өсөлтийн эрчээ алдаж эхэлсэн нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд сэтгэл амрах боломжийг олгожээ. Цаашид нийлүүлэлт нэмэгдэж, лити үйлдвэрлэгчдийн ер бусын өндөр маржинийг багасгаснаар үнийн энэхүү бууралт нь ирэх онд ч үргэлжилнэ хэмээн “Sinomine”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Пинвей мягмар гарагт ярилцлага өгөхдөө өгүүлжээ.
“Литийн үнийн аажим буурах хандлага ирэх онд үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хэдий тийм боловч зах зээлд хөрвөх чадвар бага хэвээр байгаа учраас үнэ нь огцом унахгүй” гэж тэрбээр нэмж дурдсан байна. Түүний тооцоолсноор 2023 онд литийн үнэ одоогийнхоос 25 хувиар бага буюу тонн нь 400 мянган юань ($57,443) болох аж.
Цахилгаан автомашины зах зээлийн хурдацтай тэлэлт нийлүүлэлтийг шавхсанаар литийн үнэ БНХАУ-ын зах зээлд оны эхэн үеэс даруй хоёр дахин өссөн нь худалдан авагчдад дарамт учруулж, цэнэг хураагуурын өртөг “BloombergNEF”-ийн тайлан гарч эхэлснээс хойш жилийн дүнгээрээ анх удаа нэмэгдэхэд хүргэсэн юм.
“Asian Metal”-ийн тайлангаас үзвэл 11 дүгээр сарын дунд үед литийн үнэ БНХАУ-д 600 мянган юань хүрч байсан бол сүүлийн таван өдрийн турш уналт үргэлжилж, пүрэв гарагийн байдлаар 522 мянга 500 юань болжээ.
“Sinomine”-ээс бусад компаниудын төсөөлөлд ч литийн үнэ одоогийн түвшиндээ хадгалагдахааргүй байгаа аж. Уурхайнуудын нийлүүлэлт өссөнөөр ирэх онд зах зээлд илүүдэл үүсэж, үнэ сулрах төлөвтэйг байгааг "BYD" компанийн Дэд Ерөнхийлөгч Стелла Ли онцолж байв. Мөн цахилгаан автомашинд чиглэсэн БНХАУ-ын төрийн хөнгөлөлт урамшуулал дуусгавар болохоос гадна цар тахлын нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь ийм төсөөлөл гарахад нөлөөлжээ.
https://bloombergtv.mn/news/g1102