Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын нутгийг дамнан оршдог холимог металлын Улааны ордын 1562 Х тусгай зөвшөөрлийн талбайг УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин Хятадын “Шинь Шинь” ХХК-д хууль бусаар худалдсан тухай өмнө нь бид дурдсан. 44 мянган тонн ураны нөөц бүхий тус газарт 13555 А тоот тусгай зөвшөөрлийг “Шинь Шинь” ХХК-ийн охин компани болох “Хунбөө” ХХК-д олгосон нь хууль бус хэлцэлд үндэслэсэн гэсэн дүгнэлттэй шүүхийн шийдвэр байдаг. Уг лицензийг сэргээлгэх нэхэмжлэлийг “Шинь Шинь” ХХК шүүхэд гаргасан бөгөөд уг хэргийн шүүгч нь Ц.Сайхантуяа байв.
Тухайн лицензийг олгоход оролцсон этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуустал тухайн захиргааны хэргийг шүүхээр шийдвэрлэхийг түдгэлзүүлэх тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 376 дугаартай тогтоол гарснаар шүүн таслах ажиллагааг зогсоосон юм байна. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа нь дээд шатны шүүхийнхээ энэхүү тогтоолыг дураараа зөрчин 455 дугаартай захирамжийг 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр гаргаж шүүн таслах ажиллагааг хууль бусаар явуулжээ. Тэр ч байтугай илт хууль бусаар хэргийг хэрэгсэхгүй болгон хаан шийдвэрлэж “Шинь Шинь” ХХК-ийн охин компани болох “Хунбөө” ХХК-д хууль бусаар давуу байдал үүсгэсэн байна. Ц.Сайхантуяа нь ийнхүү хууль бусаар шүүн таслах ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогч, эрх ашгаа хангуулах учиртай “ДСД Жаргалант” ХХК-д огт мэдэгдэлгүй, зөвхөн “Хунбөө” ХХК-хныг байлцуулан нууцаар “шүүх хуралдаан” хэмээх жүжгийг найруулан тавьсан аж.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр нь албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж шүүхэд хянагдаж байгаа, хууль зөрчсөн эсэхийг нь гагцхүү шүүх шийдвэрлэх учиртай өөрийн тушаалыг (Б/62) өөрөө дур мэдэн шүүхийн өмнүүр орж хүчингүй болгож, “Шинь Шинь” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Батдорж уг шийдвэрийг нь Ц.Сайхантуяад хүлээлгэн өгчээ.
Шүүгч Ц.Сайхантуяа нь Цөмийн энергийн газар /ЦЭГ/-ын дарга Н.Тэгшбаяр, “Хунбөө” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Батдорж нарын бүрдүүлсэн илт хуурамч бичиг баримтыг мэдсээр байж нотлох баримтаар үнэлэн хүлээн авч, улмаар захирамж гаргах үндэслэл болгон, хэргийг хааж шийдвэрлэсэн юм байна. Хууль зүйн талаасаа энэ нь урьдчилан үгсэн тохиролцсон, зохион байгуулалттай, бүлэглэсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох талтай.
Ийнхүү Ц.Сайхантуяа нь албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн ашиглаж дээд шатны шүүхийнхээ шийдвэрийг төдийгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх уг асуудлаар “ДСД Жаргалант” ХХК Шүүхийн сахилгын хороонд ханджээ.
13555А дугаартай лицензийг сэргээх эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэх болбол яг ижил нөхцлөөр, нэгэн зэрэг олгогдсон 10089А дугаартай лицензийн нэгэн адил сэргээгдэхгүй гэдэг нь УДШ-ийн 132 дугаар тогтоолоос тодорхой харагдана.
Гэтэл дээрх нэр бүхий хүмүүс хууль, шүүхийн шийдвэрүүдийг зоригтойгоор зөрчиж “Хунбөө” ХХК-ийн ашиг сонирхлыг хангаж чадсан нь үйлчилж буй системдээ найдсаных, мөн ард нь асар том мөнгөний эрх ашиг байснаас гарцаагүй гэсэн хардлагыг төрүүлэх болжээ.
Ц.Сайхантуяа нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, захиргааны байгууллага нь шүүхийн маргааныг шүүхийн өмнүүр орж дур мэдэн шийдвэрлэх нь хуулиар хориотой гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хэмжээний боловсрол, мэдлэг эзэмшсэн байж гэмээ нь тэр болгон хуульчдад олдоод байдаггүй шүүгчийн эрх мэдэлд хүрсэн нь ойлгомжтой.
Гэхдээ тэрбээр зэрэг тушаал дэвшиж тухайн цаг үед үйлчилж ирсэн системийнхээ “ач буянаар” өнөөдрийг хүртэл нэр цэвэр ирсэн бол “Хунбөө”, “Шинь Шинь” компаниуд түүний “ач буянаар” хүчингүй лицензээр олон мянган тонн Монголын баялгийг цөлмөж байгаль орчныг бохирдуулж хүн амд гай зовлон учруулсаар 10 гаруй жилийг ардаа үдсэнийг баримтууд гэрчлэх аж.
Тэгвэл өдгөө Үндсэн хууль өөрчлөгдөж, шүүхийн хариуцлага нэмэгдэж хууль ёс хэлбэрэлтгүй хэрэгждэг болох цаг нь нэгэнт ирсэн. Монгол улсын Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг цаасан дээрх тунхаг төдий биш, бодит болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинэ тутам байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо ажиллаж эхлээд байна. Эдүгээ давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон Ц.Сайхантуяа нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байхдаа дээд шатны буюу Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн тогтоолыг ноцтойгоор зөрчсөн, илт хууль бус шүүн таслах ажиллагаа явуулсан, хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг бусдад хууль бусаар ашиглуулах, хууль бусаар давуу байдал үүсгэх зорилгоор илт хууль бус захирамж гаргасан зэрэг асуудлуудыг шалган тогтоож, түүнээс шударга шүүхийг чөлөөлж өгөхийг хүсч “ДСД Жаргалант” компанийн удирдлагууд Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэнд хандсан байна.
Үргэлжлэл бий...
BOLOD.MN