Томуугийн эсрэг дархлаажуулалтад жирэмсэн эхчүүүд, 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, 1-5 насны хүүхдүүдийг хамруулж байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/512 дугаар тушаалаар дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж, энэхүү үйл ажиллагаа Дундговь аймагт өнгөрсөн 7 хоногоос эхэлжээ. Тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтад 1-5 насны 3040, жирэмсэн 610, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 690, 65-аас дээш настай болон архаг хууч өвчний оноштой 5000 иргэн, нийт 9340 хүн хамрагдах ажээ.
Дархлаажуулалтын үйл явцын талаарх мэдээллийг Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад тус төвд дархлаажуулалтад хамрагдах ёстой 1200 хүнээс 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 56 иргэн хамрагдсан байна. 1-5 насны хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг өгч байгаа бөгөөд вакцинд хамрагдах хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.