Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэв


Улсын алдарт гавьяат уран зохиолч, Монголын орчин цагийн уран зохиолын үндэслэгчдийн нэг, их бичгийн хүмүүн,сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн түүхт ойг энэ сарын 21-22-нд Дундговь аймагт тэмдэглэн өнгөрүүлэв.
Ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд "Төгөлдөр Буяннэмэх"  ТББ-ын тэргүүн, Буяннэмэх судлаач Л.Амаржаргал, МЗЭ-ийн дэд дарга, “Нацагдорж”, “Буяннэмэх” шагналтан, сэтгүүлч, яруу найрагч П.Нямлхагва, Монголын үндэсний номын сангийн уншлага үйлчилгээ хэлтсийн дарга, "Гэрэлт хүрдэн" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Цоггэрэл, СУИС-ийн Театр урлагийн их сургуулийн захирал Д.Даваасүрэн, “С.Буяннэмэх шагналтан”, зохиолч, яруу найрагч, доктор Ж.Цогтсугир, аймгийн удирдлагууд болон их зохиолчийн төрөл төрөгсөд, зохиолч, яруу найрагчид, номын санч нар, “Буяннэмэх” тэмдэгтэн сурагчид оролцжээ.
С.Буяннэмэхийн 120 жилийн ойн өдрүүдэд түүний амьдрал, уран бүтээлийг нийтэд сурталчлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгууллаа.

Их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв
Дундговь аймгийн Мандалговь хотноо Музейн өмнөх талбайд байрлах их зохиолчийн хөшөөнд зочид, төлөөлөгчид цэцэг өргөж, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын сурагчид ая дуугаа өргөв. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, 2002 онд энэхүү хөшөөг босгож, их зохиолчийн уран бүтээл, нэр алдрыг мөнхөлжээ.
Хөшөөний зургийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, барималч Д.Цэрэннадмид гаргасан бөгөөд галын дөлийг бэлгэдсэн хэлбэртэй чулуунд цээж баримлыг суулган зэсээр хөөлгөн, чулуун дээр мөн бичигтэй самбар суулгаж өгсөн аж. Цээж баримлын өндөр 140 см, өргөн, 150 см, зузаан 40 см, чулууны өндөр 450 см, өргөн 210 см, зузаан 55 см хэмжээтэй ажээ.


Төрсөн нутагт нь С.Буяннэмэхийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах шав тавив
Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэх Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
Түүний мэндэлсний 120 жилийн ойд зориулан ойн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид төрсөн нутагт нь “Модон суварга” босгох ажлыг эхлүүлж, ийнхүү шав тавилаа.  
Энэ үеэр Дэлгэрхангай суманд "Зөөврийн номын сан"-гийн үйлчилгээ үзүүлж, ахлах ангийн сурагчдад “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт” хийж, ахлах ангийн сурагчдын  "Номын хэлэлцүүлгийн клуб" байгуулжээ.



Их зохиолчийн амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулав
Их зохиолчийг дурсах энэ өдрөөр түүний амьдрал уран бүтээл, “Бидний мэдэх их зохиолч” бүтээлийн уралдаанд ирүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилуулжээ.
С.Буяннэмэх хэдийгээр нийгмийн ээдрээтэй цаг үед ахархан, ердөө 35-хан насыг насалсан ч  улс төр, олон нийт, нийгэм, урлаг соёл, уран зохиол, сэтгүүлзүй гээд нийгмийн бараг бүхий л салбарт хүчин зүтгэж, улс орондоо ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байсан Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг байжээ.
Түүний уран бүтээл гэхэд л олон талтай, баялаг агуулгатай байж яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг бичихээс гадна, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсан аж.
Тэрээр 10 гаруй дуу, 100-гаад шүлэг, олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, нийтлэл, хүүхдийн зохиол, 20 гаруй жүжгийн зохиол, утга зохиолын онол, шүүмж судлалын олон нийтлэл бичиж, ирээдүй хойч үедээ үлдээжээ.

С.Буяннэмэхийн 120 жилийн ойд зориулж Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурлыг СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтран зохион байгуулж, эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавилаа.
Тодруулбал, БШУ-ны доктор, зохиолч, судлаач, яруу найрагч Г.Бямбажав “С.Буяннэмэхийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээний онцлог” сэдвээр, Театр урлагийн сургуулийн багш С.Баатарцогт “С.Буяннэмэхийн түүхэн жүжгүүдийн дүрийн боловсруулалт” сэдвээр, Т.Цэнд-Аюуш “Орчин цагийн театрын жүжгийн зохиолын сан, түүний хөгжилд С.Буяннэмэхийн оруулсан хувь нэмэр” сэдвээр, МУСГЗ, МЗЭ-ийн гишүүн, Утга зохиолын Алтан өд наадам, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, яруу найрагч, доктор Ж.Цогтсугир “Төр нийгмийн зүтгэлтэн, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн АРХИ  шүлгийг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулсан шинжилгээ, дүгнэлт” сэдвээр, Я.Баяраа “С.Буяннэмэхийн жүжгийн зохиолын туурвил зүйн онцлог” сэдвээр, МУСТА, дуучин, морин хуурч, яруу найрагч, ая зохиогч Р.Даансүрэн “Улиран алдарсан ч түүх нь өмөөрсөн Буяннэмэх” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Энэ үеэр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш нар С.Буяннэмэхийн сор өгүүллэгүүдийг уран яруугаар уншиж толилуулсанд үзэгчид тун баяртай байлаа.

Номын нээлт болов
Энэ үеэр Их зохиолчийн ураг удам, уран бүтээлийн судалгаатай холбоотой хоёр номын нээлт болов. Тодруулбал, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, яруу найрагч, морин хуурч, ая зохиогч  Раднаагийн Даансүрэн "С.Буяннэмэхийн өвөг харлаг Цогтынхны угийн судалгаа”,  Төгөлдөр Буяннэмэх ТББ-ын тэргүүн Буяннэмэх судлаач Л.Амаржаргал “Олонд хайрлагдах онцгой тавилан” номоо хэвлүүлэн гаргаж, олон түмэндээ өргөн барилаа.

Баярын хурал зохион байгуулав
Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойн “Баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа”-г зохион байгуулж, түүний уран бүтээлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Тодруулбал, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Сайхан-Овоо сумын нийтийн номын санч Д.Навчааг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн дарга А.Нансалмаа, Дэлгэрхангай сумын номын санч С.Нармандах, Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч Б.Хандмаа, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал нарыг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр номын сангийн нярав, харуул хамгаалалтын ажилтан Ч.Одбаяр, Адаацаг сумын номын санч О.Тэгшжаргал, Сайхан-Овоо сумын сургуулийн номын санч Б.Алтантогос нарыг шагнажээ.
Түүнчлэн зохиолч, яруу найрагч П.Нямлхагва, БШУ-ны доктор зохиолч, судлаач, яруу найрагч Г.Бямбажав, Дэрэн сумын номын санч Ч.Алтантуяа,  Дэлгэрцогт сумын номын санч С.Оюунтуяа нарыг Дундговь аймгийн 80 жилийн ойн медалиар тус тус шагналаа.

“Хуучир хуучилсан хууч” түүхэн драмын жүжиг тавив
Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ойд зориулан түүний амьдрал уран бүтээлийг иргэдэд таниулах, сурталчлах, соён гэгээрүүлэх томоохон үйл ажиллагаа бол Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн бүтээл “Хуучир хуучилсан хууч” түүхэн драмын жүжиг байлаа.
Жүжгийн зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат бичиж, Ерөнхий продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням нар ажиллаж, С.Буяннэмэхийн дүрд ТХДЖТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Бямбасүрэн тогложээ.
С.Буяннэмэх гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болсны дараа бага сургуульд орж, үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж, манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг байжээ.
Түүнийг үрчилж авсан Жирмийн чуулганы Тогтох тайж гэгч үдэш болгон үлгэр туульч нарыг цуглуулж, явган үлгэр яриулан хуучир хөгжмийн эгшгэнд тууль хайлдаг байсныг залуу хүү С.Буяннэмэх сурсан нь хожим өөрийнхөө бичсэн шүлгүүдийг хуучир хөгжимд аялгуулан хэлж сурахад суурь болжээ. “Хуучир хуучилсан түүх” жүжигт түүний богинохон боловч ээдрээтэй, идэр насны амьдралыг тайзнаа амилуулсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ