Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шинэ менежмент хийж Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыг хурдан шуурхай олгох боломжийг бүрдүүлсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийнУлсын бүртгэлийн газрын дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.
-Сэлэнгэ аймгийн иргэд энгийн гадаад паспорт захиалаад маш удаж бараг сар гаруй хугацааны дараа авдаг байсан. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж, маш хурдан ажлын 3 өдөрт багтаан авах боллоо гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыгУлсын бүртгэлийн байгууллага эрхлэн олгодог. Үүнтэй холбоотойгоор орон нутагт олгогдож байгаа гадаад паспортууд маш их асуудал дагуулсаар ирсэн. Тухайлбал гадаадад зорчих иргэдийн паспорт богино хугацаанд гарах шаардлагатай болох. Иргэд паспорт захиалахын тулд зардал чирэгдэл болж Улаанбаатар хот руу явах гээд. Иймээс энэхүү асуудлуудыг шийдврлэх зорилгоор Улсын бүртгэлийн газраас шинэ менежментийг хийсэн.
Өмнө нь аймагт олгож байсан паспортыг 30 хоногийн хуулийн хугацаанд олгож байсан. Тэгвэл шинэ хуулиар 7 хоногийн дотор иргэддээ паспортыг нь олгох бүрэн боломжтой болсон.
-Яг ямар өөрчлөлтүүд оров. Иргэдээс шаарддаг зураг болон бичиг баримтын талаар тодруулж өгнө үү?
-10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн газарт гадаад паспорт захиалах иргэдээс зураг болон бусад бичиг баримт шаардахгүйгээр улсын бүртгэгч өөрөө зургийг нь авч мэдээллийн санд шивж оруулан баталгаажуулж байгаа. Мөн иргэд тоон гарын үсэгтэй болж байна. Дээр нь зураг болон бичиг баримт шаардахгүй болсон. Нэгэнт мэдээллийн санд орж байгаа учраас шууд баталгаажилтад ороод улсын бүртгэлийн газар луу явж байгаа. Ингээд 3 хоногийн дотор баталгаажигдаад, хэвлэгдээд ирнэ.
Иймд бид Монгол шуудан компанитай гэрээ байгуулж 7 хоногт 3 удаагийн таталтаар гадаад паспортыг хүлээж авахаар болсон. Мөн иргэн хүсэх юм бол Монгол шуудан компани тухайн иргэний гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна.
-Аймгийн төвийн иргэд ингээд боломж нээгдлээ. Хөдөө сумдын иргэдэд хэр ойртох бол?
-Бид 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө оруулж гадаад паспортыг сумдад хүргэх ажлыг зохион байгуулна. Бүх сумын улсын бүртгэгч нар газрын болон гадаад паспортын бүх бүртгэлийг суманд нь хийж өгөх боломжийг олгож байна. Иймээс сумдын иргэд заавал аймаг руу явах шаардлагагүй болж байгаа. Мөн сумдад хэрхэн хүргэх үйлчилээг бүрдүүлэх асуудлаар бид ярилцаж байна.