
Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг хянах чадвараа алдаж болзошгүйг "Meta" компанийн хиймэл оюун ухаан хариуцсан захирал Александер Ван анхааруулжээ. Тэрбээр хүний оюун ухаанаас хол давсан хиймэл оюун ухаан бий болох цаг ойртсон гэж үзэж байна. Энэхүү мэдэгдэл гарахаас өмнө хиймэл оюун ухааны "Claude" загвар математикийн хамгийн хүнд бодлогуудын нэг болох Риманы таамаглалыг бодож чадсан тухай "Anthropic" компанийн нэгэн ажилтан мэдээлсэн юм. Ван уг үйл явдлыг хүний оюун ухааны бүтээсэн ямар ч зүйлээс хавь илүү, том дэвшил гэж үзэж байна.
Цаашид хиймэл оюун ухаан өөрийгөө сайжруулах чадвараараа хүнээс илт давуу болж, биологи, зэвсэглэл, эдийн засаг зэрэг салбарын судалгааг асар хурдасгана гэж тэрбээр хэлжээ. Ван Ням гаригт (2026.11.22) "X" платформд “Хэт өндөр түвшний хиймэл оюун ухаан бий болох цаг ирж байна. Ирэх нэг жилийн хугацаанд хүн төрөлхтний гаргах шийдвэр ирээдүйд бид ямар нийгэмд амьдрахыг тодорхойлоход асар их нөлөө үзүүлнэ” гэж бичжээ.
Мөн хиймэл оюун ухаан хүний оролцоогүйгээр өөрийгөө дахин дахин сайжруулдаг болж, бүх салбарт 1,000 дахин илүү ухаалаг, чадвартай болсон тохиолдолд хүн төрөлхтөн үүнийг хянаж чадахгүй байх магадлалтайг анхааруулсан байна.
Тиймээс хиймэл оюун ухааныг улам хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, хяналт, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг яаралтай боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Хиймэл оюун ухаан өөрийгөө хүний оролцоогүйгээр хөгжүүлэх чадвартай болох нь хүн төрөлхтөн уг технологид тавих хяналтаа алдах аюултай үе шат гэж судлаачид үздэг. Гэвч энэ технологийн ашиг тусыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ учирч болзошгүй томоохон эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар технологийн компаниуд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
"Meta" компанийн үүсгэн байгуулагч, захирал Марк Зукерберг хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулахын оронд хөгжүүлэх нь хүн бүрийн амьдралыг сайжруулах боломж гэж үздэг. Харин "Anthropic" компанийн захирал Дарио Амодей, "OpenAI" компанийн захирал Сэм Алтман нар эрсдэлийг бууруулахын тулд хөгжлийг тодорхой хэмжээнд сааруулах хэрэгтэй гэж үзэж ирсэн юм.
Ван хиймэл оюун ухаан заавал хүнээс давна гэж үзээд зүгээр хүлээж суух нь буруу гэж онцолжээ. Түүний хэлснээр, хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралыг сайжруулж, хүмүүс өөрсдийн амьдралд илүү их сонголт, боломжтой болоход туслах ёстой бөгөөд нийгмийг энэ технологид бүрэн даатгаж болохгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA







