http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өөрийн өтгөнөөр амьд үлдэх багаж хийж, үхлийг хэдэнтээ ялсан туйл судлаачийн түүх


Данийн алдарт туйл судлаач Питер Фройхений амьдрал адал явдал, аюул осол, санаанд оромгүй түүхээр дүүрэн байв. Тэрээр цасан шуурганд амьдаараа булагдах шахаж, өөрийн ялгадсаар багаж урлан амь гарч, хөлөө хүртэл тайруулахад хүрсэн ч аяллаа орхиогүй юм. Нацистуудад цаазлуулах ял сонссон ч шоронгоос оргож чадсан түүний гайхалтай амьдралын түүхийг хүргэе.

1. Анагаахын сургуулийг орхиж, адал явдлыг сонгосон нь

Анагаахын сургуулийг орхиж, адал явдлыг сонгосон ньПитер Фройхен 1886 онд Дани улсад төржээ. Эцэг нь түүнийг эмч болгохыг хүсэж байсан ч анагаахын сургуульд элсэн орсон залуу удалгүй сургуулиа орхисон байна. Түүний сэтгэлийг эмнэлгийн ажил бус, алс холын үл мэдэгдэх газар, адал явдал илүү их татаж байв. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг Гренландад өнгөрүүлж, нутгийн инуит хүмүүсийн ахуй амьдрал, зан заншлыг судалжээ. Мөн инуит бүсгүй Мекупалук Наваранатай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байна. Тэдний гэрлэлт арван жил үргэлжилсэн бөгөөд эхнэр нь нөхрөө олон аюултай аялалд дагалдан явдаг байв.

2. Мянган километр үргэлжилсэн түүхэн аялал

Мянган километр үргэлжилсэн түүхэн аялалФройхен Данийн судлаач Кнуд Расмуссентэй хамт Гренландаар дөрвөн сарын турш аялжээ. Тэд мянга гаруй километр зам туулж, газарзүйн хэд хэдэн чухал нээлт хийсэн байна. Хамгийн сонирхолтой нь Пири газрыг арал бус, Гренландтай холбогдсон хойг болохыг тогтоосон явдал байв. Энэ хүртэл бараг зуун жилийн турш уг газрыг тусдаа арал гэж үзэж иржээ.

3. Өөрийн ялгадсаар багаж хийж, амь гарсан нь

Өөрийн ялгадсаар багаж хийж, амь гарсан нь1926 онд Аляскийг туулж явахдаа Фройхен аймшигт цасан шуурганд өртжээ. Тэрээр цасанд агуй ухаж хоргодсон ч удалгүй цасны зузаан давхарга агуйн орцыг бүрэн хаасан байна. Гадагш гарах гэтэл цас хөлдөж, хатуу мөсөн хана мэт болсон байв. Бүх багаж нь гадаа үлдсэн тул тэрээр өөрийн ялгадсаар цүүцтэй төстэй зүйл урлаж, хүйтэнд хөлдөж хатуурсны дараа түүгээрээ мөсийг цавчин гарч чаджээ.

4. Хөлөө өөрөө тайрсан ч бууж өгсөнгүй

Хөлөө өөрөө тайрсан ч бууж өгсөнгүйАгуйгаас гарсан Фройхен хуарандаа хүрэх замдаа хөлөө хүчтэй хөлдөөжээ. Хуруунууд нь үхжиж эхэлсэн тул цааш тархахаас сэргийлэхийн тулд өөрөө арга хэмжээ авахаар шийдсэн байна. Тэрээр мэдээ алдуулах эм, мэс заслын багажгүй нөхцөлд зөвхөн виски болон хутга ашиглан гэмтсэн хөлийн хуруунуудаа тайрчээ. Гэвч үхжил зогсоогүй тул эмч нар хожим түүний хөлийг бүхэлд нь тайрахаас өөр аргагүй болсон байна.

5. Нэг хөлтэй болсон ч аяллаа орхисонгүй

Нэг хөлтэй болсон ч аяллаа орхисонгүйНэг хөлөө алдсан ч Фройхен судалгаагаа орхихыг хүссэнгүй. Тэрээр модон хиймэл хөл хийлгэж, бие нь тэнхэрмэгц дараагийн аялалдаа бэлдэж эхэлжээ. 1930-аад оны эхээр Гренландад инуит хүмүүсийн амьдралын тухай кино бүтээсэн нь түүний бас нэгэн шинэ ажил байв. Хожим нь тэрээр кино найруулагчдад Арктикийн талаар зөвлөгөө өгч, нэгэн кинонд хөлөг онгоцны ахмадын дүрд хүртэл тоглосон байна.

6. Судлаач, зохиолч төдийгүй сэтгүүл эрхлэгч

Судлаач, зохиолч төдийгүй сэтгүүл эрхлэгчФройхен 1938 онд Данийн аялагчдын клубыг байгуулжээ. Тус байгууллага өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрээр Гренланд, инуит хүмүүсийн тухай хэд хэдэн ном бичиж, лекц уншихын зэрэгцээ эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл хүртэл эрхлэн гаргаж байв. Мөн атеизмын тухай нийтлэл бичиж, сүм хийдийн үйл ажиллагааг шүүмжилдэг байжээ. Учир нь анхны эхнэр Наварана нь нас барахад түүнийг христийн шашны оршуулгын газарт нутаглуулахыг сүмийнхэн зөвшөөрөөгүй аж. Тэд инуит гаралтай хүмүүсийг дорд үзэж байсан нь Фройхенийг сүм хийдийн эсрэг байр суурьтай болоход хүргэсэн байна.

7. Нацистуудад цаазлуулах ял сонссон ч оргосон нь

Нацистуудад цаазлуулах ял сонссон ч оргосон ньДэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд 53 настай Фройхен Данийн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэв. Тэрээр нэг хөлгүй, нас дээр гарсан ч нацистуудын эсрэг аюултай даалгавруудыг залуу тэмцэгчдийн адил гүйцэтгэж байлаа. Гэвч удалгүй баривчлагдаж, цаазаар авах ял сонсжээ. Харин нэгэн өдөр харуулууд түүнийг хорих өрөөндөө байхгүйг анзаарсан байна. Фройхен гестапогийн шоронгоос оргож, Швед рүү дүрвэн гарч чаджээ.

8. Телевизийн тэмцээнд 64 мянган доллар хожсон нь

Телевизийн тэмцээнд 64 мянган доллар хожсон ньДайн дууссаны дараа Фройхен АНУ-д суурьшиж, ном бичих ажилдаа оржээ. 1956 онд тэрээр Америкийн телевизийн мэдлэг сорих тэмцээнд оролцож, 64 мянган ам.долларын шагнал хүртсэн байна. Тэмцээний асуултууд голчлон хойд туйлын далай, газарзүй, судалгаатай холбоотой байв. Олон жил Арктикт амьдарч, судалгаа хийсэн Фройхений хувьд эдгээр асуултад хариулахад тун амархан байжээ.

9. 71 насандаа ч шинэ аялалыг мөрөөдсөн нь

71 насандаа ч шинэ аялалыг мөрөөдсөн ньФройхен 71 насныхаа төрсөн өдрийг эрч хүчээр дүүрэн угтаж, шинэ аялал хийхээр төлөвлөж байжээ. Тэрээр олон сарын турш бэлтгэлээ базаасан ч аялалдаа гарч амжсангүй. 1957 оны есдүгээр сарын 2-нд Нью-Йоркоос Аляск руу нисэх гэж байсан онгоцны дэргэд найз нөхдийнхөө гар дээр зүрхний шигдээсээр нас барсан байна.

10. Хайртай Гренландад нь сүүлчийн замыг нь үдсэн нь

Хайртай Гренландад нь сүүлчийн замыг нь үдсэн ньФройхений гэрээслэлийн дагуу цогцсыг нь чандарлаж, чандрыг Гренландын Туле дахь агаарын цэргийн баазын орчимд цацжээ. Энэ газраас тэрээр амьдралынхаа турш олон удаа экспедицдээ мордож байсан юм. Түүний амьдрал бол хүний тэсвэр хатуужил, эр зориг, амьдрах хүсэл ямар хүчтэй байдгийн гайхалтай жишээ билээ. Нэг хөлөө алдсан ч аяллаа зогсоогоогүй, үхэлтэй олон удаа нүүр тулсан ч шинэ адал явдлыг мөрөөдсөөр байсан Питер Фройхен 71 нас хүртлээ өөрийн хүсэл тэмүүлэлдээ үнэнч амьдарчээ.

https://www.caak.mn/post/view/45467
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ