
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан, мэргэжилтэн зэрэг нийт 49 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна.
Дээрх албан тушаалтнуудыг эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдаагүй иргэдээс авлига авч, хөдөлмөрийн чадвар алдалтыг хууль бусаар тогтоож тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөл бүрдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгасан.
Улмаар дээрх 49 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (мөнгө угаах), 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах) зэрэг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Хэргийг эргэн сануулбал, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд Авлигатай тэмцэх газарт "Баян-Өлгий аймагт амьдардаг Монгол Улсын иргэншилтэй хэдий ч давхар Казакстан улсын давхар иргэншилтэй иргэд болон хөдөлмөрийн чадвартай хэдий ч хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн группын мөнгө, тахир дутуугийн тэтгэмж авч байна" гэх мэдээлэл ирсний дагуу АТГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажилласан байдаг.
Ингээд Ниймгийн даатгалын газраас олгож байгаа халамжийн мөнгө, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг шалгахад, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч болон даатгалын нэр бүхий албан тушаалтнууд бусдаас авлига авч, эрүүл хүмүүст халамжийн мөнгө олгож байсан нь тогтоогдсон.
Шалгалтаар тахир дутуугийн халамжийн мөнгө авдаг гэх 420 гаруй иргэнд оношлогоо хийхэд 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан учраас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.







